Өчигдөр /2022.04.13/ нэгэн иргэн цахим хуудастаа бичлэг оруулж эцэг эх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дөрвөн сартай нярайг гудамжинд хаяж явсан байгааг мэдээлсэн.
Уг нярайг цагдаагийн байгууллага олж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сувилалд хүргэж, эцэг эхийг нь эрүүлжүүлэхэд хүргэх арга хэмжээ авчээ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус байгууллагаас "Тухайн хэргийн тохиолдол дээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын дагуу үнэлгээ хийж, бага насны нярайг асран хамгаалах чадваргүй байгаа гэж үзсэн учраас эцэг эхийг эрүүлжүүлж, мэдүүлэг авах, хэрэг шалгах ажиллагаа явагдаж байна. Хүүхдийг хамгаалах байранд хүргэсэн. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эцэг эхийн тухайд хувь хүний нууц учраас дэлгэрүүлж мэдээлэх боломжгүй.
Манай байгууллага цахим хуудсаас мэдээлэл авч 16:10 цагийн орчимд гэрт нь очиход эцэг эх нь архидан согтуурсан байсан. Налайх дүүрэгт гарсан хэрэг. Ээжийн ээж буюу эмээтэй амьдардаг. Өглөө хүүхдээ аваад гарсан ч 16 цагийн орчимд ирэхдээ хүүхэдгүй орж ирсэн гэх мэдээллийг өгсөн. Энэ хэрэг гэр бүлийн хүчирхийллийн асуудал болно. Хорооны хамтарсан хурал өнөөдөр хуралдаж байна. Уг нярайн ахуй байдал, ар гэрийн нөхцөл, аав ээжийн ажил, зан байдал гэх мэтийг нягталж төлөвлөгөө гаргана. Анхан шатны нэгж дээр ажиллаж буй төрийн албан хаагчид холбогдох арга хэмжээг авах ёстой. Дараа нь хуулийн арга хэмжээ авагдана. Хүүхдийн эрхийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд эцэг эх хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300 нэгжээр торгох шийтгэл ногдуулахаар заасан.
Мэдээлэл өгсөн иргэнийг ажиглаж байхад хүүхдээ газар тавьчихаад 2-3 минут маргалдаад байсан гэх мэдээллийг өгсөн.
Хүүхдийг цаашид яах вэ гэдэг асуудал байна. Уг нярай хөхүүл учраас угжаар хооллож чадахгүй байгаа. Ээжээс нь аль болох салгахгүй байх бодлого барина. Гэхдээ эрсдэл өндөр гарвал заавал ар гэрт нь өгөх шаардлага байхгүй. Хамтарсан багийн хурлын тэмдэглэл, цагдаагийн байгууллагын шийдвэрээс /эцэг эхийн хүүхэд асран хамгаалах эрхийг нь хасах/ хамаарч цаашдын арга хэмжээ авагдана" гэж мэдээлэв.
Мөн тухайн нөхцөл байдалд уг хүүхдийг "Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн" гэсэн дүгнэлт гарсан. 14-21 хоногийн дараа хэрэг хаагдах ёстой. Энэ хугацаанд гэр бүлд үзүүлэх нөлөөллийн арга хэмжээ авч ажиллана. Бас нэг харамсалтай зүйл ажиглагдсан нь хүүхдийг олсон иргэн цахим орчинд бичлэг оруулахгүйгээр шууд 102,108 утсанд дуудлага мэдээлэл яаралтай өгөх хэрэгтэй байсан. Уг утас 24 цагийн турш үнэ төлбөргүй ажиллаж байна. Энэ бол иргэн бүрийн үүрэг гэдгийг анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.