Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Үндсэн хуулийн Цэцэд хандан хүсэлт гаргасан билээ.
Хүсэлтийн товч агуулга нь "УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох үед Монгол Ардын Намын зарим албан тушаалтан, түүний дотор одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нар үгсэн хуйвалдаж, төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгож, үүнээс улбаалан 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг эдүгээг хүртэл ямар нэг байдлаар шийдэгдэхгүй байсаар байна. 60 тэрбумын гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах байгууллага нь УИХ-аас шууд томилогддог, түүнд ажлаа тайлагнадаг байгууллага болох Авлигатай тэмцэх газар юм. УИХ-ын дарга М.Энхболд энэ албан тушаалыг хашиж байгаа тохиолдолд энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэх ямар ч боломжгүй учир дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.
Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдын гаргасан хүсэлтийг 30 хоногийн дотор Их суудлын хуралдаанаараа шийдэх хуулийн заалттай. Тэгэхээр энэ үйлдэл өнөөдөр хэлэлцэж байгаа Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд нөлөөлөхгүй. Харин чуулганаар ямар ч шийдвэр гарсан бай хамаагүй хожим нь УИХ-ын даргатай хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд тооцсон гэж үзэх үндэстэй.
УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт гарч, Их хурлын гишүүдийн дийлэнх олонх нь дэмжвэл огцрох нөхцөл бүрдэх юм.