УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын даргад гаргаж буйгаа мэдэгдсэн. Тэрээр уг хүсэлтийнхээ талаар дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Хуулийн байгууллагад шалгуулна. Жилийн хугацаанд хэвлэл мэдээллээр өөрийгөө гэмт хэрэгтэн мэтээр дуудууллаа. Энэ асуудлыг эцэслэж шийдвэрлүүлэх зорилготой байгаа учир эрхээсээ татгалзсан. Гэтэл би өөрөө бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх боломжгүй юм байна. УИХ-ын дарга хүсэлтийг минь хүлээж авахгүй бол УЕП-ын зүгээс миний нэрийг оруулж өгөх хэрэгтэй. Би буруугүй гэдгээ нотлоод УИХ-ын гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийх болно. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдаад байх шаардлага алга.
Талбайн залуусын жагсаалаас хүргүүлсэн шаардлагад УИХ-тай холбоотой зүйлс байгаа. Тэгэхээр миний хувьд ёс зүйг эрхэмлэж байна. Би гэм буруугүй гэдэгтэй 100 хувь итгэлтэй байгаа гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2019 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар зургаан сарын хугацаанд ажилласан. Тухайн үед өөрийн найзууд болох одоогийн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэгддэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.