ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон гэгддэг украйн улстөрч Виктор Медведчукийг баривчилсан тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ.
Тэрээр эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэгдэн, нийслэл Киевт гэрийн хорионд ороод байсан ч Оросын цэргийн хүчин Украинд түрэмгийлсний дараахан оргон зайлсан юм. Ерөнхийлөгч Путиныг охиныхоо загалмайлсан эцэг гэж үздэг Медведчук ОХУ-ыг дэмжигч "Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө" намыг удирддаг чинээлэг бизнесмен билээ.
Тэгвэл Украины Аюулгүй байдлын алба түүний баривчилгааг зарлахдаа нийтэлсэн гэрэл зургуудаас харахад Медведчук Украины цэргийн дүрэмт хувцас өмссөн байжээ. Тус албаны мэдэгдэлд "Та Оросыг дэмжигч улстөрч байж, түрэмгийлэгч улсын төлөө олон жил зүтгэж болно. Шударга ёсноос удаан хугацааны турш нуугдсан ч байж магадгүй. Бүр өнгөлөн далдлах зорилгоор Украины цэргийн дүрэмт хувцсыг ч өмсөж болно. Гэхдээ энэ бүхэн таныг шийтгэлээс мултрахад туслах болов уу? Огтхон ч үгүй!" хэмээн бичжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ талаар мэдэгдэх үеэрээ Медведчукийг "ОХУ-д олзлогдсон Украины охид, хөвгүүд"-ээр солихыг санал болгосон байна.
67 настай Виктор Медведчук гэм буруугаа үгүйсгэж байгаа бөгөөд өөрийнх нь эсрэг хэргийг "улс төрийн хэлмэгдүүлэлт" хэмээсэн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.