Филиппин улсыг "Меги" хар салхи дайрч, их хэмжээний үер буун, хөрсний гулгалт үүссэний улмаас багадаа 25 хүн амиа алдаад байна.
Тус улсын зүүн эргээс эхэлсэн хар салхины хурд 65 км/ц-т хүрч, 13 мянга гаруй хүн өндөрлөг газар луу дүрвэж, хоргодох байрт байрлах шаардлагатай болсон байна. Хүчтэй аадар бороо, ширүүн салхины улмаас цахилгаан эрчим хүч тасарч, олон тооны байшин барилга усанд автаж, тосгонууд хөрсний гулгалтад өртсөн аж.
Хамгийн их хохирол амссан газруудын нэг нь Лейте муж бөгөөд хөрсний гулгалтын нуранги дор дарагдсан 22 хүний цогцсыг гаргаж авсан тухай Бейбай хотын эрх баригчид мэдээлсэн юм. Мөн өмнөд хэсэгт орших Давао мужид гурван хүн нас барсныг Үндэсний гамшгийн агентлаг баталжээ.
Одоогийн байдлаар уг байгалийн гамшгийн нөхцөл байдал намдсан ба аврах багийнхан зүүн болон өмнөд эрэгт гацсан хүмүүсийг аюулгүй газарт хүргэхээр ажиллаж байна.
Филиппинийг жил бүр дунджаар 20 хар салхи дайрдаг бөгөөд "Меги" нь энэ жилийн анхны тохиолдол юм. Тус улс нь газарзүйн байршлаасаа шалтгаалан цаг уурын гамшигт хамгийн өртөмтгий орнуудын нэгд тооцогддог бөгөөд хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь хар салхийг илүү хүчтэй болгож, их хэмжээний хохирол учруулж байгаа гэж эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.