Пакистаны Парламент Ерөнхий сайд Имран Ханд итгэл үл үзүүлэх шийдвэрийг өнгөрөгч ням гарагт гаргаж, түүнийг албан тушаалаас нь огцруулжээ.
Сүүлийн хэд хоногийн турш үргэлжилсэн хурцадмал байдлын дараа сөрөг хүчний намууд Ерөнхий сайдын эсрэг санал хураалт явуулж, нийт 342 гишүүнтэй танхимын 174 нь түүнд итгэл үл үзүүлэх саналыг дэмжсэн байна. Уг санал хураалтыг өнгөрсөн долоо хоногт анх өргөн барьсан ч Имран Хан Парламентыг тараах замаар үүнд хаалт тавиад байсан юм.
Тэгвэл тус улсын Дээд шүүх сөрөг хүчний намуудын талд шийдвэр гаргаж, ноён Ханыг үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж мэдэгдсэний дараа түүнийг ийнхүү огцруулжээ.
Өнөөдөр шинэ Ерөнхий сайдаар сонгогдох төлөвтэй байгаа сөрөг хүчний удирдагч Шехбаз Шариф энэ явдлын талаар "Пакистан болон манай улсын Парламент эцэст нь ноцтой хямралаас гарлаа" хэмээн тэмдэглэсэн байна. Имран Ханы удаан хугацааны өрсөлдөгч, Ерөнхий сайд асан Наваз Шарифын дүү Шехбаз Шарифыг Парламентаас сонгосон тохиолдолд тэрээр дараагийн сонгууль буюу 2023 оны 10 дугаар сар хүртэл Засгийн эрхийг барих аж.
Энэ удаагийн санал хураалтын үр дүнгээр, ноён Хан нь Пакистаны Парламентын шийдвэрээр огцроход хүрсэн анхны Ерөнхий сайд болж байгаа юм. Гэвч түүнийг дэмжигчид ням гаргийн орой гудамжинд олноороо цугларан, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Имран Хан сөрөг хүчний Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн бөгөөд тэрээр ОХУ болон БНХАУ-ын эсрэг асуудлаар Вашингтонтой нэгдэхээс татгалзсан тул АНУ түүнийг огцруулахаар хуйвалдсан гэж буруушаасан билээ. Ноён Ханы тэргүүлдэг "PTI" намын гишүүд мөн түүнийг олон улсын хуйвалдааны золиос болсон хэмээн үзэж, ням гаргийн санал хураалтын өмнө танхимаас гарчээ. Харин АНУ-ын зүгээс эдгээр мэдээллийг "үнэний оргүй" гэж мэдэгдээд, ноён Хан ямар ч нотлох баримт гаргаж ирээгүй гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.