СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 ЦЕГ: Жагсаал эмх замбараагүй байдалд шилжсэн тул албадлагын арга хэмжээ авсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуучуудын жагсаалыг өнгөрөгч шөнө 04 цагийн орчимд хүч хэрэглэн тараасан. Улмаар "цагдаагийн алба хаагчдыг гэмтээсэн, тавьсан шаардлага биелүүлээгүй, төрийн тусгай обьектруу дайрсан" гэх үндэслэлээр жагсагчдыг буруутгаж, 67 хүнийг саатуулсан байна.

Энэ асуудалдаа Эрүүгийн цагдаагийн алба тайлбар хийж байна.

ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал:

-Өчигдөр өглөө 10:00 цагаас эхлэн оюутан залуус Засгийн газарт тодорхой шаардлага хүргүүлж, тайван жагсаж эхэлсэн. Журмын тухай хуульд зааснаар урьдчилж мэдэгдээгүй. Жагсаж цуглаж байгаа иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээс нийгмийн дэг журмыг зөрчихгүй, иргэдийн эрх чөлөөнд халдаж хохирол учруулахгүй байх талаар удаа дараа сануулсан. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхийг олгосон. 

18:00 цагаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар залуустай уулзах үеэр ус ундааны сав, талх шидэж эсэргүүцлээ үзүүлсэн. Нэг эмэгтэйн толгой хагарсан. Бид сануулж хэлсэн. Цагдаагийн байгууллага тасралтгүй хяналт тавьж ажилласан. 

19:00 цагаас хойш жагсагчдын бүтэц өөрчлөгдсөн. Органикаар жагсаж байсан оюутан залуус тарж эхэлсэн. Үлдсэн залуус дээр нэмж ахимаг насныхан орж ирсэн. Үзэл бодлын хувьд өөр төрлийн залуус орж ирсэн. Нийгмийн эмх замбараагүй байдалд уриалан дуудсан, турхирсан үг хэллэг, үйлдэл удаа даргаа гаргаж эхэлсэн. Бид анхааруулсан. Сүүлдээ цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, төрийн тусгай обьект рүү халдах үйлдлвүүд гаргаж эхэлсэн. Та бүхэн тухай бүрд нь цахим орчинд харж байсан байх. 

Жагсаал цуглаан сүүлдээ намжихааргүй болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуус нэмэгдэж эхэлсэн. Удаа дараа залуучуудыг тарахыг цагдаа нар сануулж байсан, шаардсан.

Их тэнгэрт очиж жагсаал үргэлжилсэн. Улмаар Сүхбаатарын талбайд эргэж ирсэн. Төрийн тусгай хамгаалалттай обьектууд руу удаа дараа халдах үйлдэл гаргасан. Цагдаа нарын бие эрх чөлөөнд халдсан, тархи толгойг нь хагалсан үйлдлүүд эрчимжсэн. Болж байгаа байдалд дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх зорилгоор 03:40 цагт албадлагын арга хэмжээ авч жагсаал цуглааныг тараасан. 

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир:

-20-иод иргэнийг түр саатуулан шалгаж байна. Эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан 18 иргэнийг эрүүлжүүлсэн.  

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

-18:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнд саад учруулж эхэлсэн тул төв 4 замыг хаасан. Цагдаа нар анхааруулж зөвлөсөөр байсан. 23:00 цагийн үед нөхцөл байдал таатай бус болж эхэлсэн. Гал гаргах, машины цонх хагалах, чулуу мод шидэх, хүмүүсийн тархи толгой хагалах гэх мэтээр хууль бус үйлдэл эрчимжсэн. Нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Машин зам хаагаад Их тэнгэр лүү явж эхэлсэн. Жагсагчидтай хэлэлцээр хийх гэж удаа дараа оролдсон. Их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс огт хэлэлцээрт оролцохгүй байсан. 

Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага 18:00-02:00 цаг хүртэл зөвлөмж өгсөөр байсан. Биелүүлэхгүй тохиолдолд албадлагын арга хэмжээ авах эрхтэй. Ноцтой үр дагавар гарахаас бид сэргийлэх үүрэгтэй.

Шүршдэг машины тухайд арван жилийн өмнөөс цагдаагийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй машин. Үймээн самуун руу шилжиж ирсэн учраас бид аюулгүй байдлыг хангахаар нохой авчирсан. Эрсдэлийг хор багатай даван туулахын тулд нөөц боломжийг ашиглах ёстой ч тэр машин, нохойг ашиглаагүй.

Үймээн самуунд уриалж, архи дарс уусан, өдөөн турхирсан хүмүүсийн үйлдлийг бага дээр нь таслан зогсоохгүй бол болдоггүй юм. Зөрчлийг таслан зогсоож шалгахад 19 хүн согтуу байсан, тэдний дөрөв нь эмэгтэй хүн. Эрүүлжүүлсэн болохоос камерт хийсэн явдал байхгүй. Таван бага насны хүүхэд байсныг гэрт нь хүргэсэн. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.