Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Цар тахлын нэн амаргүй цаг үе, халдварын дараалсан дөрвөн давлагааг монголчууд хамтдаа даван тууллаа. Иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулсан алба хаагчдад, болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний амь насыг авран хамгаалсан эрүүл мэндийн салбарынханд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улс шар түвшинд шилжиж, цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсныг тэмдэглэлээ.
Дархлаажуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2021 оны гүйцэтгэлээр 1,4 хувь болж өссөн. Үүнд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн гэлээ.
Мөн манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсэж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ. Энэхүү нөхцөл байдал, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, олон улсад, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарлаа. Ачаа тээврийн эргэлт болон бусад хүндрэл байгаа ч даван туулах боломж бий гэж харж ажиллаж байна гэлээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө гэж Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ.
Экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг, дулааны цахилгаан станцуудын ачаалал 118 хувь болж, эрчим хүчний 20 хувийг импортолж, жил бүр 140 сая доллар зарцуулдаг. Нийт нутгийн 0,3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг, байгалийн баялгийн 90 хувийг боловсруулалгүй гаргаж, дотоодын хэрэглээний 90 хувийг импортолдог, нийт бэлчээрийн 76 хувь нь цөлжсөн, авлигын индексээр манай улс 110 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс юм. Шинэ сэргэлтийн бодлого эдгээр хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Гол төсөл, хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд танилцуулсан юм.
Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2,5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажилтай болно гэж тооцжээ.
Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбоно. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.
Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина. Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.
Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарина. “Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлж, усны нөөцийг хуримтуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулна.
Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.
Төрийн албаны бүтцийг шинэчилнэ. Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50 хувис доошгүй бууруулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Төрийн бүтээмийн сэргэлтийн хүрээнд Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн форумаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцан ажиллаж эхэллээ. Тус төв иргэдийн дуудлагыг алдахгүй хүлээж авдаг болсон гэдгийг тэмдэглээд иргэд, олон нийт санал хүсэлтээ өгөөрэй. Тус төвд хамгийн олон ирсэн санал, хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж ажиллана гэв.
“И Монголиа” системд 57 байгууллагын 570 гаруй үйлчилгээг цахимжуулж нэгтгэсэн. Үүний 130 гаруй нь лавлагаа тодорхойлолт байна. Цаашид цахим үйлчилгээг улам боловсронгуй болгоно. Төрийн албаны хүнд суртлыг арилгахад чухал нөлөөтэй юм.
Л.Оюун-Эрдэнэ: Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш байна гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Авлигын индекс багасвал манай улсад ирэх хөрөнгө оруулалт сайжирна.
Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш дэмждэг, тусалдаг байх болно. Шинэ сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжсэнээр, ДНБ 2021 онд 43 их наяд байсан бол 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4520 доллар байсан бол 10 жилийн дараа 12 мянган долларт хүргэхээр зорьж байна. Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй, хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийлдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно гэлээ.
Энэ удаагийн эдийн зсгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр дүн болно гэж Ерөнхий сайд уриалаад чуулганд амжилт хүслээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ ямар зоргоороо бурдаг хөдөөнии халтар вэ чадах уу.өнөөдриир хүртэл ямарч юм хийгээгүй маанаг чинь
Сайдаа :гадаа жагсаад байгаа залуучуудтайгаа уулзаад шинэ сэргэлтийн бодлогын талаараа яриад ойлгуулах нь чухал байхаа.