Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Иргэдийн индэр” нээлттэй уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргалд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр буцаан авах албан шаардлагыг иргэн н.Отгонбаатар хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Иргэний тавьсан саналыг аймгийн Засаг дарга танилцан бусад төрийн байгууллагад албан ёсны шаардлага хүргүүлж ажиллахыг хүслээ.
Дархан-Уул аймгийн иргэн н.Отгонбаатар:
-Төр концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК-нд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ашиглуулахаар өгсөн байдаг. Гэвч ашигтай ажиллаж, иргэдийг ажлын байраар хангаж ажиллах ёстой томоохон үйлдвэр өнөөдөр үүдээ барихад ойрхон байна.
Иймд төр засаг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ буцааж аваач гэж албан ёсоор шаардлага хүргүүлж байна. Тус үйлдвэр нь жилд 40 их наяд төгрөгийн орлого олох боломжтой байтал өнөөдөр “Хөгжлийн банк”-нд зээлтэй гээд яриад сууж байна. Энэ үйлдвэрээ төр буцаан авч стратегийн хувьд хямд үнэтэй арматур үйлдвэрлэж, ажлын байраар иргэдээ хангамаар байна гэсэн юм.
2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагаа явуулаагүй, тамга, гэрчилгээнээс цаашгүй “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар тодорч байсан юм.
“Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт арван жилийн дотор 49 сая долларын хөрөнгө оруулан, бүрэн санхүүжүүлж, төмөр зам, ачих буулгах байгууламж, цахилгаан хангамж зэргийг барьж байгуулан, ордын төмрийн хүдрийн 70 хувийг өртгөөр нь авах эрх эдлэх гэрээ байгуулжээ.
Арван жил буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, жилд 3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, Оюутолгой, Тавантолгой, V цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтад хэрэгтэй арматур, ган хийц нийлүүлэх, төмөр зам, автозам, шугам сүлжээ барьж байгуулах асар том үүрэг хүлээсэн байна.
Гэвч өнөөдрийн байдлаар төмрийн хүдрээ БНХАУ руу зөөвөрлөснөөс өөр томоохон ажил хийгдээгүй байна. “Кью Эс Си” ХХК-ийн зүгээс нийтдээ 60 орчим сая ам.долларыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т оруулсан хэмээн мэдэгдсэн.
Өөрийн хөрөнгөөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өөд татаж, өргөтгөж шинэчлэх үүргээ биелүүлээгүй, “Кью Эс Си” 2014 онд Хөгжлийн банкнаас 71,3 сая долларын зээл авсан байдаг.
Хөгжлийн банкны ТУЗ-ын хараат бус гишүүн Ү.Амарбат Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгч “Кью Эс Си” компанид холбогдох ноцтой баримтуудыг өчигдөр дэлгэсэн “Энэ бүхэн Улсын үйлдвэрийг 229,3 сая тонны нөөцтэй Төмөртэйн, 21,3 сая тонны нөөцтэй Төмөртолгойн, 12,6 сая тонны нөөцтэй Хустайн гэсэн гурван гурван ордтой нь хамт үнэ төлбөргүй аваад, улсын банкнаас 191 тэрбумын өртэй үлдэж, улсад нь 253 тэрбумаар дэд бүтцүүдээ шахаад, өөртөө 2 их наядын орлого хийсэн, улсыг цөлмөн тоносон их дээрэм, санхүүгийн асар том луйвар юм” гэж мэдэгдсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.