СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Эрдэнэбилэг Хөтөлийн "Цемент шохой", Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг санхүүгийн ижил схемээр луйвардсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны ТУЗ-ын хараат бус гишүүн Ү.Амарбат Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгч “Кью Эс Си” компанид холбогдох ноцтой баримтуудыг дэлгэлээ.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ү.Амарбат:

-Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Тамгын хэлтсийн дарга Б.Шинэбаатар нарын гарын үсэгтэй 1996 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолоор Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал Б.Шагдарыг чөлөөлж, Л.Нацагдоржийг томилжээ. Л.Нацагдорж нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордын ашиглалтын лицензийг төрсөн эгч Л.Туяагийн “БЛТ” компанид 1998 оны 1-р сарын 28-нд шилжүүлсэн байна. Л.Туяаг “БЛТ” ХХК-даа авсан ашиглалтын лицензээ өөрийн нөхөр Л.Баярцогтын “Төмөртэйн хүдэр” ХХК-д долоон жилийн дараа буюу 2005 онд шилжүүлжээ. Л.Нацагдоржийн хүргэн Л.Баярцогт нь 1995-1996 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчөөр сууж байсан түүхтэй. Төрийн өмчийн үйлдвэрийн 229 сая гаруй тоннын нөөцтэй, өнөөгийн үнэ цэнээр 40 их наяд төгрөг буюу манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс давах асар их баялагтай орд газрыг төрсөн эгч, хүргэндээ өгч байсан ноцтой баримт байна.

Энд Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийг хувьчлал нэрээр хулгайлсан, Эрдэнэтийн 49 хувийг төрийн өөрийнх нь мөнгөөр авсан, Хөгжлийн банкыг тоносон хар түүхэнд нэр, мөрөө үлдээсэн нөгөө хэдэн хүн ахин гарч ирж байна. Төрсөн эгч, хүргэндээ улсын орд баялгийг өгсөн Л.Нацагдоржийг томилсон хүн нь тухайн үеийн ТӨХ-ны дарга, 2012-2016 оны УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд байжээ. ТӨХ-ны тамгын даргын хувьд гарын үсгээ зурж, гардан зохион байгуулсан хүний нэг Б.Шинэбаатар нь “Фортуна” Н.Батбаярын толгойлсон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж, хамгийн их чанаргүй өр зээл үүсгэсэн, ХХБ-ны “Сахал” Д.Эрдэнэбилэгийг төлөөлөн Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар очиж байсан хүн юм. Б.Шинэбаатар өнөөдөр Хөгжлийн банкны хэргээр цагдан хоригдож байна.    

“Буян” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан алдагдсан ордыг буцаав

2006 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Хамтарсан Засгийн газрын Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан 79 тоот тушаал гаргаж, Төмөртэйн ордыг эзэмшигчийн үйл ажиллагааг судлах ажлын хэсэг томилсон. Улмаар Төмөртэйн ордын 13319А дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын зөвшөөрлийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 2008 оны хоёрдугаар сарын 28-нд буцаан олгож байжээ. “Буян” ХХК-ийн захирал Б.Жаргалсайханы алдагдсан баялгаа төрдөө эргүүлэн олж авчирсан энэ шийдвэр таван жилийн дараа дахин цуцлагдах болно.

Цүнхэнд багтдаг компани дэлхийн томчуудыг “ялав”

2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагаа явуулаагүй, тамга, гэрчилгээнээс цаашгүй “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар тодорч, ТӨХ-ны дарга Д.Сугартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Д.Эрдэнэбилэгийн цүнхэнд багтдаг тоглоомын компани “Кью Эс Си” дэлхийн аварга том корпорациудыг ялсан болж таарав. Солонгосын “Поско”, Энэтхэгийн “Меско стийл”, “Ай Си Эм”, Хятадын “Бао Ган”,  "China National Precision Machinery I/E corporation гэсэн таван аварга том корпораци Д.Эрдэнэбилэгийн хоёрхон жилийн өмнө бүртгүүлсэн компанид “ялагджээ”. “Бейзмент” гэдэг айлын хаяган дээр бүртгэлтэй, огт үйл ажиллагаа явуулаагүй компани 24 цагийн дотор Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар шалгаран, дэлхийн есөн том банк, корпорацийг ялсан жүжигтэй яг адилхан зохиол энд ч мөн бичигдсэн байна. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн тоглоомын  “Бейзмент” нэртэй цүнхний компани дэлхийн том банк, группуудыг “ялж” чадахад Х.Баттулга Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байв. Ерөнхий сайдын харьяанд байсан Төрийн өмчийн хороог Х.Баттулга өөрийнхөө яамны мэдэлд татан авчирсны дараа ийм жүжиг тавигдсан байдаг.

Өөрийн хөрөнгөгүй “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт арван жилийн дотор 49 сая долларын хөрөнгө оруулан, бүрэн санхүүжүүлж, төмөр зам, ачих буулгах байгууламж, цахилгаан хангамж зэргийг барьж байгуулан, ордын төмрийн хүдрийн 70 хувийг өртгөөр нь авах эрх эдлэх гэрээ байгуулжээ. Арван жил буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, жилд 3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, Оюутолгой, Тавантолгой, V цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтад хэрэгтэй арматур, ган хийц нийлүүлэх, төмөр зам, автозам, шугам сүлжээ барьж байгуулах асар том үүрэг хүлээсэн байна.

Их дээрмийн бэлтгэл операци ажиллагаа

2012-2016 он. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын толгойлсон Ардчилсан намын Засгийн газрууд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төмрийн ордуудтай нь тонон дээрэмдэхийг ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгт дараалан зөвшөөрсөн юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн концессоор авахын угтвар нөхцөлийг зориудаар бүрдүүлж, Төрийн өмчийн хорооны 326, 327 тоот хоёр тогтоол нэг өдөр дараалан гарсан. Эхнийх нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт “Кью Эс Си” компани 48 сая долларын хөрөнгө оруулсныг нь зөвшөөрсөн утгатай байсан бол удаах тогтоолоор гэрээний үүргээ биелүүлснийг нь харгалзаж, менежментийг нь шилжүүлэхээр заажээ. Хэрвээ “Кью Эс Си” хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлсэн бол үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 3 сая тоннд хүргэж, Төмөртэйн ордыг холбосон төмөр замыг терминал, кемптэй нь барьж, цахилгаан хангамжийг бүрэн шийдсэн байх ёстой байв. Гэвч “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 81,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэх дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийлээ. Үндэсний аудитын газар нь УИХ-аас байгуулдаг байгууллага. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Л.Нацагдорж гэгчийг томилж, тэр нь төрсөн эгч, хүргэндээ Төмөртэйн ордыг шилжүүлэх үүд хаалгыг нээсэн УИХ-ын дарга З.Энхболдын санал оруулан томилсон Ерөнхий аудитор энэхүү дүгнэлтийг гаргасан.

Концесс нэртэй их дээрэм

2014 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар 69 тоот тогтоол гаргаж, Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээг “Кью Эс Си” ХХК-тай байгуулахыг ЭЗХ-ийн сайд Н.Батбаярт даалгав. Үйлдвэрийн удирдлагын эрх, өмчийг шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт, ТЭЗҮ, зураг төслийг батлах, тусгай зөвшөөрөл олгохыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгасан байна. Н.Алтанхуяг нь Д.Эрдэнэбилэгт зээл олгосон, төрийн өмчийг үнэгүй өгсөн үйлдэлд өөрийгөө огт хамаагүй гэж мэлздэг боловч өөрийнхөө тэргүүлсэн Засгийн газрынхаа тогтоолыг худал гэж хэлэх боломжгүй юм. 

“Кью Эс Си” компани хуурай, нойтон аргын баяжмалын үйлдвэр, ангижруулсан төмрийн үйлдвэр, жилд 300 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн буюу арматур, ган хийц, ган бөмбөлөг үйлдвэрлэх, 33,4 км төмөр замыг ачих буулгах терминалтай, 95 км хүнд даацын автозам, 50 км цахилгаан шугам, дэд станц барих зэрэг зургаан үндсэн үүрэг хүлээжээ. Энэ зургаан том ажлаас ангижруулсан төмөр үйлдвэрлэх, барилгын үнийн өсөлтийг хазаарлаж болох байсан арматур болон  Эрдэнэтэд нийлүүлэх ган бөмбөлөг үйлдвэрлэх үүрэг даалгавар огт биелээгүй. Харин анхан шатны боловсруулалт хийх буюу баяжмал үйлдвэрлэх, төмөр зам, авто зам, цахилгаан шугам барих ажил биелсэн гэх боловч улс оронд асар их хохиролтой санхүүгийн схемчлэгдсэн луйвар явагдаж, төрийн сайд асан гурван хүн ял шийтгэл хүлээсэн гэмт хэрэг гарсан юм.

Хөгжлийн банканд тавьсан их өр

Өөрийн хөрөнгөөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өөд татаж, өргөтгөж шинэчлэх үүргээ биелүүлээгүй, анхнаасаа ийм чадавхгүй байсан “Кью Эс Си” 2014 онд Хөгжлийн банкнаас 71,3 сая долларын зээл авсан. Авсан арга зам, зориулалт нь эрс ялгаатай.

Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоол, шийдвэргүйгээр авсан зээл.

Хоёрдугаарт, Хөгжлийн банканд Худалдаа, хөгжлийн банк, Оросын МИБ банкнаас хүүтэй мөнгө байршуулж, түүнийгээ зээл болгон авсан.

Гуравдугаарт, мөнгө зориулалтын бусаар зарцуулсан.

Дөрөвдүгээрт, барьцаанд нь 730 саяар үнэлсэн нэг орон сууц, тоног төхөөрөмж, төмрийн хүдрийн овоолго, ирээдүйн орлого гэх мэтийг тавьсан.   

Хөгжлийн банк тэдэнд зээл олгох боломж байсангүй. Гэтэл Д.Эрдэнэбилэгийн хувийн Худалдаа, хөгжлийн банкнаас 45 сая доллар, Оросын Московский Индустриальный Банк \Москвагийн Аж Үйлдвэрийн банк\-наас 26,5 сая доллар, нийт 71,5 сая долларыг Хөгжлийн банканд хүүтэй хадгаламж хэлбэрээр байрлуулаад, түүнийгээ зээлсэн байна. Хувийнхаа Худалдаа, хөгжлийн банк, Оросын банкнаас хувийнхаа компанидаа зээл авах боломж байсаар байтал заавал Хөгжлийн банкаар дамжуулах сонирхолтой байжээ. Анхнаасаа зээлээ төлөхгүйн тулд Хөгжлийн банкыг дунд нь ингэж түлхэж оруулан, өртэй үлдээх төлөвлөгөөтэй байжээ гэж тайлж болно.

Төмөр зам барихаар Хөгжлийн банканд бичүүлж авсан 71,3 сая долларын зээлээрээ Худалдаа, хөгжлийн банкны найман зээлийг хаасан. “Бейзмент” гэж байгаад “Хөтөл” болж нэр, зүсээ сольсон компани нь мөн л Хөгжлийн банкнаас авсан 61,2 сая долларын зээлийнхээ 40 шахам сая доллараар нь Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны зээлийг хаасантай адилхан схем, зориулалтын бус зарцуулалт юм. Хөгжлийн банкны зээл судлах, олгох, төлүүлэх хүртэлх бүх шатанд “сахал” Д.Эрдэнэбилэг гар хөлөө шургуулж, биежүүлсэн схемээ ашигласан байдаг. “Кью Эс Си” компанийн 30 хувийг эзэмшдэг “Оргил смарт солюшн” компанийн захирал А.Бат-Оргил Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирлаар ажиллаж байсан. Өөртөө зээл олгоод, өөрөө төлүүлэх албан тушаалыг бөглөж байсан хүн. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар нь Д.Эрдэнэбилэг төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн авахад олон жил гардан оролцсон, Эрдэнэт үйлдвэрт түүнийг  төлөөлөн сууж, Худалдаа хөгжлийн банкны 27 тэрбумаар барьсан 13 давхар барилгаас 11, 12-р давхрыг нь 27 тэрбумаар худалдан авах, “Хөтөл”, “Кью Эс Си”-д өнөөдөр 506 тэрбумын үлдэгдэлтэй байгаа зээлүүдийг олгох шийдвэрийг гаргасан Б.Шинэбаатар сууж байв. Д.Эрдэнэбилэгийн хувийн Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал М.Банзрагч мөн энэ үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн нэртэйгээр хамгийн хараат байдлаар оролцож байсан юм. 

Гурван жилийн өмнө шүүхийн процесс эхэлснээр хүү, алданги тооцогдохгүй таг зогссон. Зөвхөн эндээс Хөгжлийн банк 40 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон байна.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, хууль шүүхийн хонгилын эзэн байхад Д.Эрдэнэбилэг өөрт ашигтай шийдвэрүүдийг захиалан үйлдвэрлүүлдэг байв. Ганцхан жишээ хэлэхэд, Хан-Уул дүүргийн шүүгч Б.Мөнхбаяр гэгч “Кью Эс Си”-гийн дансыг битүүмжлэх өөрийнхөө шийдвэрийг цуцалж, Хөгжлийн банк өрөө барагдуулах боломжийг хааж байсан юм. Б.Мөнхбаяр нь цахилгаан шатанд зүй бусаар авирлагч өмгөөлөгч Б.Баасанцогтоос ХААН банкны дансаараа мөнгө авсан үйлдэлдээ шийтгэл хүлээж, шүүгчийн бүрэн эрхээ алдсан.   

Улсын мөнгөөр бариад улсад нугалж шахсан дэд бүтцүүд

Хөгжлийн банкыг тоносон схем, бондын мөнгийг цацсан, Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийг луйвардан авахад оролцсон бүх хүн 2015 оны есдүгээр сарын 7-ны өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дээрэмдсэн баримт дээрх гарын үсэг, гаргасан шийдвэртэйгээ үлдсэнээрээ Д.Эрдэнэбилэгийн санхүүгийн нэг л схемийн танил  зохиол хэрэгжиж байгааг үг, үсгийн зөрүүгүй шахам давтагдаж буйгаар нь танихад хялбар. Н.Алтанхуягийн Засгийн газар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг анх концессоор өгсөн бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар гурван өөрчлөлт оруулжээ. Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй 30 жилийн концессын гэрээг төмөр зам, автозам, цахилгаан шугамыг нь барих-ашиглах болгож өөрчилсөн. Үйлдвэрийг ордуудтай нь 30 жил ашиглах эрх нь хэвээрээ боловч өөрсдөө бариад ашиглаад дараа нь улсад үнэ төлбөргүй өгөх байсан нөхцлийг улсад зарах болгосон. 

2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Концессын зүйлийг төрийн өмчлөлд шилжүүлэх авах тухай” 77 тоот тогтоол гаргав. Барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээнээс төмөр зам, авто зам, цахилгаан шугамыг нь барих-ашиглах болгож өөрчилсний учир энд тайлагдана. Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замыг “Монголын төмөр зам” компани буюу төрд шилжүүлэн авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байдаг. Сангийн сайд Б.Болорт вексель буюу өрийн бичиг гарган төмөр замын төлбөрийг төлөхийг үүрэг болгосон. Засгийн газар буюу татвар төлөгчид Д.Эрдэнэбилэгийн бариулсан 33,4 км төмөр замын үнэд 112 сая доллар төлсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2019 онд төмөр замын бодит өртөг нь 40 тэрбум төгрөг болсныг тогтоосон. Улсын банкнаас төмөр зам барина гэж зээл аваад, 30 жил ашиглаж байгаад улсад буцааж өгөх байсан бол улсад буцаагаад 8 дахин нугалаад шахчихсан байна. 40 тэрбумын өртөгтэй төмөр замыг өнөөдрийн ханшаар 330 тэрбумаар үнэлэн улсад заржээ. Худалдаа, хөгжлийн банк төмөр замын төлбөр 112 сая долларын вексель буюу Засгийн газрын өрийн бичгийг Хөгжлийн банкинд өгч мөнгө болгоод гаргаж авсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас 71,3 сая долларын зээл+векселийн төлбөр 112 сая долларыг нэмж, нийтдээ 2 удаа мөнгө авчээ. Өөрийнхөө хөрөнгөөр төмөр зам барьж ашиглаж байгаад улсад буцаан шилжүүлж өгөх концессын гэрээ эцэстээ ийм том луйвар болж хувирсан байна.

Хүнд даацын хатуу хучилттай 95 км автозам барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлийн ашиглах гэсэн хэсгийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хасч хаяж, мөн л улсад 95,2 тэрбумаар үнэлүүлсэн. Хүнд даацын гэдэг шинж чанарыг нь хасчихаар замын бодит өртөг эрс багассан.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар 50 км цахилгаан шугам, дэд станцыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөс мөн л ашиглах гэснийг авч хаяснаар улсад үнэ төлбөргүй өгөх бус үнэлэн зарсан. Үүндээ улсаас 12,5 тэрбум төгрөг авсан. Төмөр зам, автозам, цахилгаан шугамыг нийтэд нь буцаан шахаж, улсад 253,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Төмөртэйн ордын 33,4 км төмөр замын хэргээр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нар анхан шатны шүүхээс хорих ял авч, давж заалдах шатанд торгох ял болон өөрчлөгдсөн, өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй. Энэ хоёр бол бондын мөнгөнд дархан эрх эдэлж байсан ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаярын толгойлдог АН-ын МҮДН фракцийн хүмүүс юм. Эмчлүүлэх нэрээр хилээр гарч яваад, Америк оргон зайлж, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэргийг бусдынхаас нь тусгаарласан.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дээрэмдүүлсэн хохирол

Энэ бүхэн Улсын үйлдвэрийг 229,3 сая тоннын нөөцтэй Төмөртэйн, 21,3 сая тоннын нөөцтэй Төмөртолгойн, 12,6 сая тоннын нөөцтэй Хустайн гэсэн гурван гурван ордтой нь хамт үнэ төлбөргүй аваад, улсын банкнаас 191 тэрбумын өртэй үлдэж, улсад нь 253 тэрбумаар дэд бүтцүүдээ шахаад, өөртөө 2 их наядын орлого хийсэн, улсыг цөлмөн тоносон их дээрэм, санхүүгийн асар том луйвар юм. Металлургийн цогцолбор байгуулах нь үлгэр биш үнэн бодит ажил байсан бол бол барилга, орон сууцны үнэд голлох нөлөөтэй арматур, ган хийцээ Монгол Улс өөрсдөө үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлж, үнийн өсөлт, долларын ханш чангарахаас сэргийлэхэд чухал түлхэц болох байсан юм.

Оффшор компани “Кью Эс Си” Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэ төлбөргүй аваад, толгой дээр нь гарч суугаад, өр зээлээ төлж чадахгүй болсон юм уу гэвэл бүр эсрэгээрээ. Өрөө төлж чадахгүй биш өрөө төлөх хүсэл сонирхолгүй компани гэдгийг нь дараах тоо баримт хэлж өгдөг. Гаалийн албан ёсны мэдээгээр 2014-2021 онд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Кью Эс Си” компани 2 их наяд төгрөгийн төмрийн хүдэр урагшаа зөөж борлуулсан. Хөгжлийн банкны зээлээс 10 дахин их орлого олсон гэсэн үг юм. Хоёр их наяд төгрөгийн борлуулалттай боловч ажилчдынх нь гар дээрээ авдаг дундаж цалин 600-700 мянган төгрөг байна. 1,5 их наядын төмрийн хүдэр урагшаа зөөсөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн улсад төлсөн татвар 50 тэрбум хүрэхгүй. Д.Эрдэнэбилэг 10 гаруй жилийн туршид төрийн өнгөтэй өөдтэй өмч хөрөнгийг цөлмөж, төрийн өөрийнх нь мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан ял шийтгэлээс мултарч ирсний нууц нь хууль, шүүхийн худалдагдсан сүлжээ, хонгилын нөлөөтэй холбоотой. Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн охин, хүргэн, төрсөн дүү нар хятад иргэнтэй хамтарсан компаниар Дарханы төмрийн хүдрийг урагш нь зөөж, 200 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн баримтыг сэтгүүлчид ил болголоо. М.Энх-Амгалан прокурор Эрдэнэтийн 49 хувийн хэргийг удаа дараа буцаасантай их хэмжээний борлуулалтын талаарх баримт цаг хугацаа, үйлдлийн хувьд ч давхцаж байна. 

“Кью Эс Си" нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт эзэн суусан, хорин дөрөвхөн ажилчинтай, Британийн Виржини аралд бүртгэлтэй, оффшор компани юм. Хөгжлийн банкнаас зээл авах шийдвэрийг “Кью Эс Си” компанийн жинхэнэ эзэн, ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гаргасан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн Д.Эрдэнэбилэг нь Хөтөлийн "Цемент шохой", Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрөөс ижил арга, санхүүгийн нэг схемээр луйвардан авсан бөгөөд Хөгжлийн банканд өнөөдөр 506 тэрбум төгрөгийн өртэй байна хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.