Нэр бүхий шүүгчидтэй хамт зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархаж, хүмүүсийн анхаарлын төвд очсон, өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Баасанцогтыг өнгөрсөн мягмар гаргийн үдэш тагнуулын байгууллага саатуулсан.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр Тагнуулын ерөнхий газрын олон нийттэй харилцах ажилтан П.Өгөөмөр хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл өгснийг бид шууд дамжуулсан.
П.Өгөөмөр “Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаа иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Энэ эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, аминд халдаж, үймээн самуунд өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалттай хүмүүсийг тагнуулын байгууллага шалгаж байна. Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуульд заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн билээ.
Экстремист үйл ажиллагаанд бэлтгэж байсан үндсэрхэг үзэлт хөдөлгөөнийнхөн сар гаруйн өмнө нэгнийгээ буудаж шархдуулсан хэрэг гарсан бөгөөд үүнийг нэгтгэн шалгаж байна. Тодруулбал, 2022 оын хоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн нутагт үндсэрхэг үзэлт нэг холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б нь Л-ийн гар руу буудаж шархдуулсан аж. Хэргийн холбогдогчдыг яллагдагчаар тооцоод буй бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 19.8-д заасан “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” хэмээн сэжиглэж байгаа аж.
Монгол Улсад экстремист үйл ажиллагаа явуулсан гэх хоёр ч хэргийг өмнө нь хууль сахиулах байгууллагынхан шалгаж байсан. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх таван хүний амь хохирсны дөрөв нь буудуулж нас барсан хэрэг. Нөгөө нь 2013 оны есдүгээр сарын 16-нд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан нийслэлчүүдийг айдаст автуулж, Төрийн ордны хамгаалалтын бүсэд нэвтэрч байсан билээ. Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэнд экстремист үйл ажиллагаа зохион байгуулсан, явуулахыг завдсан гурав дахь тохиолдол нь энэ болох нь.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.