Германы нийслэл Берлин дэх Их Британийн Элчин сайдын яамны хамгаалалтын албаны ажилтныг ОХУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган, өнөөдөр Вестминстерийн Магистратын шүүхээр шүүж байна.
Их Британийн иргэн болох 57 настай Дэвид Баллантайн Смитийг Германы цагдаа нар өнгөрсөн оны 8 дугаар сард баривчилсан бөгөөд Албан ёсны нууцын тухай хуулийн дагуу есөн хэрэгт буруутган, Их Британид шилжүүлэн өгсөн билээ. Германы Потсдам хотод амьдарч байсан ноён Смит нь 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын хооронд тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж албаныхан үзэж байгаа юм.
Лондоны цагдаагийн газраас мэдээлснээр, түүнийг ОХУ-д ашигтай мэдээлэл цуглуулж, дамжуулсан гэх есөн зүйл ангиар буруутгаж байгаа аж. Тодруулбал, ноён Смит нь Оросын эрх баригчдад илгээх зорилгоор долоон удаагийн мэдээлэл цуглуулж, нэг удаа харилцаа холбоо тогтоохыг оролдсон ба нэг удаа Оросын өндөр албан тушаалтанд мэдээлэл дамжуулсан гэж Их Британийн прокурорын албаны Гэмт хэрэг, терроризмтой тэмцэх тусгай хэлтсийн дарга Ник Прайс хэлжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.