УИХ-ын чуулганаар өчигдөр /2022.04.06/ Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр мөнгө хэвлэх эсэх асуудал анхаарал татсан сэдэв байв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: "Үнийн өсөлтийг шийдэхийн тулд мөнгө хэвлэнэ гээд оруулаад ирлээ. Мөнгө хэвлэж үнэ тогтворжуулдаггүй юм. 2012-2016 онд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын үед Монгшолбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гэдэг хүн баахан мөнгө хэвлэж түүхэнд байхгүй зүйл хийсэн.
Гэтэл одоо хамгийн болдоггүй /мөнгө хэвлэх/ аргыг сонгоод байх юм. Монголбанк баялаг бүтээгч биш. Өөрийн гэсэн мөнгө байхгүй. Тэгэхээр мөнгөний эх үүсвэрийг хэвлэхээс өөр аргагүй. Гэвч хэвлэхийг хуулиар хорьсон.
За яахав мөнгө хэвлэлээ гэж бодоход тэр мөнгө хаанаас гарах юм. Улсын төсвөөс гарахгүй гэвэл Монголбанкаас гарч таарна. Мөнгө хэвлэхээр ханш өснө. 2012-2016 оны алдааг дахин давтах гээд байна. Угтаа бол зээлийг арилжааны банкууд мөнгө өгөөд хүүгийн зөрүүг нь төсөвт суулгасан бол зөв болох байлаа. Бичиж оруулж ирсэн хуулийн төсөл дээр мөнгө хэвлэнэ гээд байна. Энэ заалтаа засах хэрэгтэй.
Одоо та нар хоёр ханштай явж байна. 2900, 3200 гэсэн. Долларыг зарцуулах эрх мэдэлд ойр байгаа хүмүүс нэг доллараас 300 төгрөг унагааж байгаатай ижил. Мөнгө хэвлээд 1300 байсан доллар 2000 гарсан.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Мөнгө шинээр хэвлэж нийлүүлэхгүй гэж харж байна. Манай дээр байгаа үнэт цаасыг барьцаалж банкууд өөрт нь байгаа эх үүсвэрээ буцаагаад цааш нь олгодог. ЗГ-ын Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөр ч ийм хэлбэрээр явсан. 3 хувийн зээлийг хоёр их наяд төгрөгийн хэмжээнд олгосон. Энэ бол төв банкны үнэт цаасан дээр байсан эх үүсвэр. Өнөөдөр 6,5 их наяд болж эдийн засаг руу буцаад орсон. Үүнтэй адилаар банкан дээр байгаа эх үүсвэрийг аж ахуйн нэгжүүдэд зээл болгож өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.