ОХУ-ын цэргийн хүчин Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл тархаад байгаа энэ үед Европын Холбоо Кремлийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бөгөөд тус холбооны удирдагчид өнөөдөр шийдвэр гаргах төлөвтэй байна.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейений хэлснээр, шинэ арга хэмжээний хүрээнд Оросын нүүрсний импортыг хориглож, усан онгоц, авто замын операторуудыг нь хязгаарлах аж. Түүнчлэн АНУ мөн нэмэлт хориг арга хэмжээ авахаар зэхэж байгааг тэрээр онцолжээ.
ЕХ-ны хэлэлцэж байгаа саналд:
-Жилийн дөрвөн тэрбум еврогийн үнэ бүхий нүүрсний импортыг хориглож, Оросын хоёр дахь том банк болох "ВТБ" зэрэг дөрвөн банканд бүрэн хориг тавих
-ОХУ-ын хөлөг онгоцнуудыг ЕХ-ны боомтуудад нэвтрүүлэхийг хориглож, тус улс болон Беларусын авто тээврийн операторуудыг мөн хориглох
-ЕХ-ны мод, цемент, далайн хүнс, согтууруулах ундаа зэрэг импорт болон 10 тэрбум еврогийн үнэ бүхий дэвшилтэт хагас дамжуулагч, машин механизмын экспортыг зогсоох
-Оросын компаниудыг ЕХ даяар гэрээ байгуулахыг хориглох зэрэг арга хэмжээг дэвшүүлсэн байна.
Холбооны 27 гишүүн орон мөн энэ оны эцэс гэхэд Оросын байгалийн хийн хэрэглээг гуравны хоёроор бууруулж, улмаар 2030 он гэхэд Европыг Оросын шатах ашигт малтмалаас бүрэн хараат бус болгохоор найдаж байгаа юм.
Гэвч ХБНГУ Оросын эрчим хүчний салбарт бүрэн хориг тавих талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс эдийн засгийн уналт, их хэмжээний ажилгүйдэлд санаа зовж байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.