Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-д зөрчил гаргаж ажлаасаа чөлөөлөгдсөн офицер удирдлагынхаа дэмжлэгээр эргэн орсон нь зарим ажилтных нь эгдүүцлийг төрүүлэх болжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Криминалистикийн шинжилгээний тасгийн даргаар ажиллаж байсан хошууч цолтой нэгэн эрхэм 2019 онд алба хаагчдаасаа мөнгө нэхсэн, цалингийн хувийг нэмж түүнийг нь өөртөө авдаг байсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан аж. Алба хаагчдаас нь гомдол гаргасны дагуу ШШҮХ-гийнхэн албаны шалгалт хийгээд албан тушаалаас нь чөлөөлсөн гэнэ. Гэвч тэрбээр 2021 онд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албанд ШШҮХ-гийн дэд даргын дэмжлэгээр дахин орж, өдгөө нийслэл рүү шилжин Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Криминалистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээч болжээ.
ШШҮХ-гийн алба хаагчдын цалин, урамшуулал нь бага байдгийнх уу, төсвийн хөрөнгө шамшигдуулсан гэх мэдээлэл багагүй дуулддаг. Тухайлбал, хэн болох нь тогтоогдоогүй цогцсыг оршуулах ажилд оролцсон алба хаагчдадаа зохих журмын дагуу урамшуулал олгодог юм байна. Гэвч тэр урамшууллын мөнгөнөөс нь зарим тасаг, албаны дарга, ахлах офицер нь ажилтнуудаасаа нэхэж авдаг, түүгээрээ албандаа буйдан авсан, өөрсдийн хамаарагддаг холбооныхоо санхүүжилтэд зарцуулсан гэх асуудлаар дарга удирдлагадаа мэдээлэл хүргүүлсэн гэнэ. Түүнчлэн хотод, эсвэл төрсөн нутагтаа ажиллах хүсэлтэй ажилтнуудаасаа хахууль авч томилдог байж болзошгүй гэсэн яриа ч шинжээчдийнх нь дунд гарах болжээ.
ШШҮХ-гийн захирал, хурандаа Д.Ядамдорж цэргийн байнгын тэтгэвэрт гарч, оронд нь хурандаа Б.Болдбаатарыг томилоод удаагүй байгаа. Түүнээс ШШҮХ-д бугшсан муу муухай, хууль зөрчсөн асуудлыг арилгаж, шударга ёс тогтоох болов уу гэсэн хүлээлт ажилтнуудынх нь дунд буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
наад муу яргачн манаачаас өөр ажл хж чадхгүй л тэр манаачаа хиихдээ үнэгүй тамхй архины мөнгөө хоргдож бга хүмүүсээс аваад амидраад сурчхсан нэгмуу өлөн гар бга
Тэр хурандаа дэд дарга Даваа, дэд хурандаа Азжаргал нарыг шалгаачэээ заваарсан идээ бээрнүүд ш дээ. Тэр 2 ыг зайлуулахгүй бол энэ баыгууллага цэвэршихгүй шүү