"Твиттер" олон нийтийн сүлжээний платформ ОХУ-ын Засгийн газрын 300 гаруй албан ёсны хуудсыг хязгаарлана гэж мэдэгджээ. Эдгээрт Оросын яамд, өндөр албан тушаалтнууд болон Ерөнхийлөгч Владимир Путины хаяг ч мөн багтсан байна.
Тус компанийн зүгээс "Зэвсэгт мөргөлдөөнд оролцож байхдаа нээлттэй интернетэд нэвтрэх эрхийг хязгаарласан аливаа улсын эсрэг арга хэмжээ авна" гэж мэдэгдсэн юм.
Украин дахь хурцадмал байдал эхэлснээс хойш "Твиттер"-ийг ОХУ-д хориглоогүй ч үйл ажиллагаа нь ихээхэн удааширч, бараг ашиглах боломжгүй болсон юм. Уг олон нийтийн сүлжээ ийнхүү хязгаарлагдмал байдалтай болсон ч Оросын Засгийн газрын албан тушаалтнуудыг тус платформ дээр чөлөөтэй нийтлэхийг зөвшөөрөх нь "мэдээллийн хор нөхөөлтэй тэнцвэргүй байдлыг бий болгож байна" гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд, жагсаалтад багтсан хуудаснуудын контентыг цаашид "санал болгож, дэмжихгүй" бөгөөд шинэ постын талаар мэдэгдэл ч ирэхгүй аж.
Ерөнхийлөгч В.Путин "Твиттер" дээр орос, англи хэл дээрх хоёр албан ёсны хаягтай бөгөөд 3.6 сая, 1.7 сая дагагчтай юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.