“УБТЗ” ХНН терминал түрээсийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан ААН-үүдийн түрээсийн үнээ 140 дахин буюу 14 мянган хувиар нэмэгдүүлжээ. Энэ талаар Дорноговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Монгол-Хонконг-Сингапурын хамтарсан хөрөнгө оруулалттай “Сауд Гэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболд мэдээллээ.
“Сауд Гэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболд:
-Дорноговь аймгийн Замын-Үүдэд “УБТЗ” ХНН-тэй 2018 оноос гэрээ байгуулан, хоосон газар дээр 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нурмаг ачааны терминал байгуулсан. Манайх 70 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Өнгөрсөн хоёр жилийн цар тахалтай хугацаанд бусад компаниудын адил хичээж байлаа.
Энэ нурмаг ачааны терминал байгуулагдсанаар “УБТЗ” зөвхөн төмөр замын тээвэрлэлтээсээ сүүлийн 3 жилд 14 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Нурмаг ачаа нь овор хэмжээ ихтэй, шилжүүлэн ачих талбай том байх шаардлагатай байдаг. Вагоны түрээс татан авалт, буулгалт, ачилтын үнэ нь өндөр болохоор "УБТЗ" анх терминал түрээсийн үнээ 5-10 сая төгрөг байхаар гэрээ байгуулж байсан. Гэтэл энэ үнийг 140 хувиар буюу 14 мянган хувь нэмэгдүүлэх мэдэгдэл ирүүлсэн. Үүнээс үүдээд үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрлээ.
Сарын түрээс гэж сард 5 сая төгрөг өгч байсан бол одоо 717 сая төгрөг болчихоод байна. Огцом нэмэгдүүлсэн шалтгаанаа 2009 оноос хойш инфляцийн түвшин 147 хувиар өссөн гэх шалтгааныг хэлсэн. Энэ нь ямар ч үндэслэлгүй байгаа нь төмөр замын цувааны дараалал дайруулж, авлигын сүлжээ шиг бусармаг хулгай нуугдаж байх вий гэх хардлага төөрүүлээд байгаа юм.
Манайхаар 11 мянга орчим вагон дайран өнгөрдөгийн 750 мянга нь Эрээн рүү гардаг нүүрс тээвэр. Ингээд тооцоолбол, манайхаар дамжин өнгөрсөн 11 мянга орчим вагон нийт 14.2 тэрбум төгрөгийг УБТЗ-д орлого болгон оруулсан байна.
Манайх УБТЗ-аас тавьж буй тухайн гэрээг биелүүлж чадахгүй бол өөр компани гэрээ байгуулаад ажиллалаа ч энэ өндөр түрээсийг төлж чадахгүй. Тэгэхээр бидний хэвийн үйл ажиллагааг хүчээр зогсоож, хэн нэг эрх мэдэлтэн, бизнесийн бүлэглэлд булааж авч өгөх гэсэн зориудын зохион байгуулалттай дээрэм байна уу гэж үзэж байна. Товчхондоо, орчин үеийн бизнесийг дээрэмдэх нэг хэлбэр нь юм болов уу гэж хараад байна шүү дээ.
"УБТЗ" ХНН-т хандаад одоог болтол учраа олохгүй байгаа. Тиймээс энэ асуудалд ЗГ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХЯ, АТГ анхааралдаа авахыг хүсэж байна. Ерөнхий сайдаа бидний явуулсан албан бичгийг харж үзээч ээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.