Зимбабвегийн төв банк инфляцыг хяналтдаа оруулахын тулд жишиг хүүгээ 80 хувь болгож өсгөжээ. Украин дахь хурцадмал байдлын улмаас тус улсын эдийн засгийн хямрал улам дордож, инфляц нь 72.7 хувьд хүрсэн аж.
Тус улсын Нөөцийн банкны зүгээс өмнө нь 2019 оны 9 дүгээр сард жишиг хүүг 70 хувиар тогтоож байсан бөгөөд энэ удаагийн хэмжээ нь үүнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн энэ нь Венесуэл, Аргентины дараа орох дэлхийн хамгийн өндөр зээлийн хүү болохыг статистикийн хэд хэдэн эх сурвалж онцолжээ.
Жишиг хүүг өсгөх талаарх албан ёсны мэдэгдэлд "Орос-Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөний үр дүнд дэлхийн инфляц нэмэгдэж байгаа бөгөөд дотоодын болон олон улсын барааны үнэд хоёрдогч нөлөө үзүүлсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тос, байгалийн хий, бордооны үнэ нэмэгдэж байгаа нь үйлдвэрлэлийн дотоодын зардалд сөрөг нөлөө үзүүлж, валютын зах зээлийг тогтворгүй болгож байна" хэмээн тайлбарласан байна.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.