Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан уг хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.
Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулна.
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол Улс цар тахлын хуулийг хэрэгжүүлж, шар түвшинд шилжсэн өдрөөс хойш арав хоногийн дараа хөрш ОХУ болон Украин улсын хооронд хурцадмал нөхцөл үүссэнээс шалтгаалж 8064 хориг үйлчилж эхэллээ. Шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсч, олон улсад нөхцөл байдал хүндэрлээ. Улаанбуудайн үнэ 45-50 хувь өслөө. Судлаачдын мэдээлж байгаагаар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх тооцоолол гарлаа. Манай хоёр хөрш болон бүс нутагт эдийн засгийн хүндрэл эрчимжих хандлагатай байгаа тул Засгийн газар хариу арга хэмжээ авахаар ийнхүү хуулийн төсөл өргөн барьж байна гэв.
Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар дэлхий нийтийн хэмжээнд цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлж, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулна үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.