Монголын волейболын холбооны 2022 оны Идэрчүүдийн УАШТ өнөөдөр /2022.04.05/эхэлнэ. Тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр аймгийн ЗДТГ-т боллоо.
Тэмцээн спортын зургаан зааланд нэгэн зэрэг явагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй 64 баг мэдүүлэг өгч бүртгүүлээд байна. Техникийн зөвлөгөөн эхлэхийн өмнө тэмцээнд оролцохоор ирсэн багш, дасгалжуулагчдад МУБИС-БТС-ийн волейболын багш, дасгалжуулагч ОУХМ Р.Тамираа "Волейболын нэмэлт хөтөлбөр" сэдвээр мэдээлэл өглөө.
Энэ сарын 5-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний ерөнхий шүүгч, Монголын волейболын холбооны улсын шүүгч Ц.Батбаатартай уулзаж энэ удаагийн тэмцээний онцлог болоод, анхаарах зарим асуудлын талаар тодруулга авлаа.
-Сайн байна уу, маргааш эхлэх тэмцээнд тань амжилт хүсье?
-Баярлалаа.
-Энэ удаагийн тэмцээний онцлог юу вэ? Хаа хаанаас тамирчид оролцож байна?
-Монголын волейболын холбооны 2022 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутгаас маш олон багууд ирсэн байна. Тухайлбал алс баруун хязгаар хамгийн хол Баян-Өлгий аймгаас өндөр нуруулаг хүүхдүүдтэй баг ирсэн харагдаж байна.
Энэ тэмцээний онцлог нь өсвөрийн сайн сайн тамирчид дээшээ дэвшиж, идэрчүүдэд орж тоглож байна. Тухайлбал улсын аваргад түрүүлж байсан Улаанбаатар хотын 21-р сургуулийн маш мундаг баг ирсэн байгаа. Тэмцээн зургаан зааланд болно. Цаг агаар хүйтэн байна. Иймээс багш нарт анхааруулахад хүүхдүүдийг дулаан байлгах, даарах хөрөхөөс болон бусад асуудлаас хамгаалах, анхаарах асуудлыг зөвлөж байна. Мөн халдвар хамгааллын асуудлыг маш нарийн сахихыг зөвлөж байгаа. Сэлэнгэ аймаг өөрөө энэ тал дээр маш хариуцлагатай аймаг. Мөн үүнийг мөн багш, дасгалжуулагч нарт давхар хэлмээр байна.
-Хичнээн баг ирсэн оролцох гэж байна вэ?
-Энэ удаагийн тэмцээнд одоогоор ойролцоогоор 60 гаруй багийн 700-гаад хүүхэд ирж оролцож байна. Хүүхдүүдийн бэртэл гэмтэл, аюулгүй байдлыг ханган ажиллахыг багш, дасгалжуулагч нарт давхар анхааруулж байгаа.
-Идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн чадвар чансааг хэрхэн сонгож авдаг вэ. Энэ тэмцээн өмнө нь орон нутагт болж байв уу?
-Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ордог хүүхдүүд, тамирчид бол волейболын спортоор хичээллээд жигдэрчихсэн, дасгал сургуулилтаа маш сайн хийдэг. Жишээ нь 21-р сургууль болон бусад багуудаас дээд лигт орж тоглох эрхийг авсан байдаг. Тэгэхээр ур чадвар нь бүрэн нээгдсэн хүүхдүүд ордог гэдгээрээ бас онцлогтой.
Энэ тэмцээн өмнө 2012 онд Сэлэнгэ аймагт болж байсан. Энэ удаа 10 жилийн дараа хоёр дахь удаагаа болох гэж байна. Монголын Волейболын холбоотой хамтарч маш олон уралдаан тэмцээнүүдийг авдаг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ-т шүүгч хүний хувьд маш их баярлаж байна. Ажлын амжилт хүсье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.