Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Эл нээлтийн ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 13 байгууллага оролцож үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж зэвсэглэмж, техник тоног төхөөрөмжийн онцлог, ач холбогдлыг танилцууллаа.
Сэлэнгэ аймаг 2013 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж эхэлжээ.
Тус аяны хүрээнд хууль, тогтоомжийг сурталчлан, таниулах чиглэлээр сургалт, нөлөөллийн олон арга хэмжээг зохион байгуулж, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, зэрэг цогц арга хэмжээг 9 дахь жилдээ амжилтай зохион байгуулж байгаа талаар нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог мэдээлэлдээ дурьдлаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017-2021 онд гарсан 50 үйлдвэрлэлийн осолд 52 ажилтан өртсөнөөс 50 хувь буюу 26 хүн нь 15-35 насны залуучууд эзлэж байгаа аж. Иймээс ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч, ажлын байрны аюул эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, стандарт, шаардлага хангасан, эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхээ эдэлж, өөрийгөө болон бусдыг аюул, ослоос урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах нь нэн тэргүүний асуудал болж байгааг аймгийн орлогч онцлон тэмдэглэсэн юм.
Мөн энэхүү аяны хүрээнд хүүхэд залуучуудад Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт, сурталчлгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг сурталчилах зэрэг ажлуудыг зохион байгуулснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёл, орчин нөхцлийг зөв бүрдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход зохих үр дүнгээ өгөх аж.
Тиймээс сарын аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг шинэлэг, үр нөлөөтэй зохион байгуулахыг аймаг, сумдын ЗДТГ, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн зөвлөл, аж ахуйн нэгж байгууллагад уриаллаа.
Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа:
”Аймгийн хэмжээнд 17 сумын салбар зөвлөл сум сумандаа ААНБ, төр төсвийн байгууллагынхаа хүрээнд энэхүү нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд дээрх байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй байдал мөн хөдөлмөрлөх орчны нөхцөл байдлыг бий болгох чиглэлээр шат дараатай сургалтад хамрагдах, мөн аюулгүй байдлыг төлөвшүүлэх, бие биенээсээ суралцах чиглэлээр ажиллаж байна.
Манай аймгийн нэг онцлог бол нийт ажиллагсадын ихэнх хувь нь газар тариалангийн салбарт, мөн нэлээд хувийг уул уурхайн салбарт эзэлдэг. Энэ хүрээндээ уул уурхайн нөхцөл байдлыг үнэлээд энэ хүрээнд яаж аюулгүй байдлыг ханган ажиллах, газар тариалангийн нөхцөлд шинэ техник технологитой хэрхэн харьцах вэ гэдэг дээр ААН-үүд маань маш сайн ажиллаж байна.
Тэд ажилчдынхаа аюулгүй ажиллах нөхцөл боломжийг маш сайн бүрдүүлж өгсөн байдаг. Бид Хүдэр сумын “Ариун бэлчир” компанийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Үнэхээр нөхцөл боломжийг маш сайн бүрдүүлж чадсан байна. Манай зөвлөлөөс ээлжит шалгалтуудыг явуулж байгаа. Мөн энэ сарын ажлын хугацаанд ХАБ-ын ажилтны мэдлэг чадварыг хэрхэн дээшлүүлж байгаа чиглэлд зөвлөн туслах үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулахыг аймаг, сумын ХАБ-ын зөвлөлийн хэмээнд үүрэг чиглэл өгсөн.
Мэдээж бүгд сайн гэхгүй зөрчил дутагдал бий. Хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа нэн түрүүний хэрэглэгдэхүүн бол хувцас хэрэгсэл байдаг. Тухайн салбарын ажилтан, мэргэжилтэн, албан хаагч шууд өмсгөлөө өмсөөд зориулалтын техник хэрэгсэл, нөхцөлийг хангасан нөхцөлд ажлын байранд дээр гарах ёстой гэсэн хатуу шаардлагыг бид аж ахуйн нэгжүүдэд тавьдаг.
Ямар нэгэн зөрчил дутагдал гаргахгүйн төлөө л энэ сарын аяныг энэ чиглэлд зориулан ажилладаг. ХАБ-ын ажилчдаа чадавхжуулах үйл ажиллагааг манай томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдөө зохион байгуулж байна. Тэд өөрсдөө өөрийн гэсэн ХАБ-ын ажилтантай. Дээр нь чамгүй хөрөнгө мөнгийг шийдүүлээд хүмүүсээ улсын хэмжээнд сургах, сүүлийн үеийн стандартын сургалтуудад хамруулан ажиллаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй нөхцөлийг бүгдийг нь хангуулж байж хөдөлмөрийн талбарт хүмүүсийг ажиллуулах гол нөхцөлийг бүрдүүлдэг ХАБ-ын ажилтаныг чадавхжуулах нь чухал.
Түүнчлэн нийт албан хаагчдад ойлголт өгөхөөс гадна ахуйн нөхцөлд иргэд ч аюулгүй байдлаа хэрхэн хангах, ахуйн эрүүл ахуйгаа хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг дээр цуврал сургалтуудыг энэ сарынхаа ажлын хүрээнд энэ жилийнхээ ажлын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна” хэмээн ярилаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гал түймэр унтраах тактикийн үйл ажиллагаа, тархалтаар усан хөгшиг татах, ассан галыг унтраах, өндөр барилга дээрээс нэрвэгдэгчийг аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, галыг импульсэн буу ашиглан унтраах, холматро /таслагч /автомат ажиллагаатай багажаар барилгын нурангид ажиллах ажиллагаа явуулах зэрэг үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.