Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглож, түрүү бөхөөр тодорсон Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарчтай ярилцлаа. Тэрбээр “Алдар” спорт хороо, “Бөх билэгт дэвжээ”, “Нутгийн буян” группийн нэр дээр барилддаг билээ.
-Казах түмний үндэсний Наурызын баярт зориулсан барилдаанд та түрүүлсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын начин Ц.Сандагдоржтой үзүүр түрүүнд барилдсан. Барилдаан 20 гаруй минут үргэлжилж, шуудагнаас нь барьж, мөргөж татах мэхээр давсан.
-Одоо ямар барилдаанд зодоглохоор бэлтгэл базааж байна?
-Ер нь байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Үндэсний их баяр наадмынхаа барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базааж байна. Үндэсний их баяр наадам бол монгол түмний өв уламжлалыг хадгалсан, соёлыг түүчээлсэн сайхан баяр шүү дээ. Тиймээс цолгүй нь цолтой, цолтой нь цолоо ахиулъя гэж бэлтгэлээ базааж, наадмын дэвжээгээ зорьдог. Цар тахлын улмаас хөл хориотой байсан учир бөхийн барилдаан болоогүй. Бөхчүүд гэртээ бэлтгэлээ хийх шиг болсон. Харин намраас хойш хэд хэдэн барилдаанд хүч үзлээ.Тиймээс удахгүй бэлтгэлийн үр дүн гарч хэвийн байдалдаа орох байх.
-Та Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд үзүүрлэж, сумын начин цол хүртэж байсан билүү?
-Тийм ээ. 2009 онд ээжийнхээ төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртэж байсан. Тухайн үед 64 бөх барилдсан юм. Сумын начин болсон нутгийнхаа дэвжээн дээр улсын харцага болсныхоо дараагаар очиж барилдахад сэтгэлд дотно сайхан санагдаж байсан. Аав ээжийн талд бөхийн удамтай хүмүүс бий. Ээжийн талд Их монгол Шаравжамц аварга байсан юм билээ.
Ах нар маань нутагтаа барилддаг цолтой бөхчүүд. Би долоон хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Бага байхдаа ах нарыгаа баг, овоо, сумын наадамд барилдахыг нь харж өссөн. Ах нар маань уртай, сайхан барилддаг. Одоо нутгийнхаа наадамд зодоглодог. Хөдөө байгаа учраас байнга дасгал сургуулилт хийж чаддаггүй. Хэрэв тухайн үедээ тууштай барилдсан бол улс, аймгийн цолтой, сайн бөхчүүд болох байсан байх. Ах нарыг маань ид барилдаж байх үеийн бөхчүүд их өрсөлдөөнтэй, сумын цол хүртэнэ гэдэг улсын цолонд хүртэхтэй адил мөрөөдлийн цол байсан.
-Анх улсын цол хүртэхэд юу бодогдож байв?
-2017 онд зургаа давж улсын харцага цол хүртэж байсан. Тухайн үед тав даваад начин болчих юмсан гэсэн бодолтой байсан даа. Харцага цолны барилдаанд Төв аймгийн улсын өсөх идэр начин Ч.Батчулуунтай учраа таарч дахимдах мэхээр давсан. Сайхан барилдаж, цолоо ахиулж, харцага цол хүртсэндээ баяртай байдаг.
-Улсын болон аймгийн цолтой бөхийн хамгийн том ялгааг та юу гэж боддог вэ?
-Би аймгийн цолтой байхдаа улсын цолтой бөхтэй учраа таарах үед давна гэж бодож, дэвжээнд гараад унадаг байсан. Тэгэхээр аймаг, улсын цолтой бөхөд барилдааны туршлага, сэтгэл зүй, бэлтгэл сургуулилт гээд ялгаа бий. Тухайн бөх улсын цолонд хүртлээ олон жил хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулсан байгаа шүү дээ.
-Та барилдааны үеэр өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?
-Би чадах ёстой, аливаа бэрхшээлийг даван туулах ёстой гэсэн бодолтой барилддаг. Бөхийн замналд амьдралаа зориулж, хичээж яваа учраас оргилд нь гарна гэж зүтгэж байгаа. Ер нь бүх барилдаанд орохдоо түрүүлнэ гэж бодож барилддаг. Барилдаан бүрээс туршлага их хуримтлуулж байна.
-Таны дархан мэх юу вэ?
-Барилдааны үед тухайн бөхийнхөө үйл хөдлөлийг мэдэрч барилдах. Унасан ч, давсан ч үзэгчиддээ уран хурц барилдаан үзүүлэхийг хичээдэг. Нэг мэхээр олон унагаасан тохиолдол байхгүй. Мэх болгоныг зах зухаас нь мэднэ.
-Жил бүр наадмаар зүлэг ногоон дэвжээн дээр гарахдаа та тухайн мөчид юу бодож залбирдаг вэ?
- Аав ээж, хань, үр хүүхэд, төрсөн нутаг, Суварга хайрхан ууландаа залбирдаг.
-Таны хамгийн удаан хугацаа зарцуулж барилдсан барилдаан гэвэл?
-2020 оны наадамд Н.Батсуурь аваргатай 52 минут барилдаад унаж байсан. Зуны аагим халуунд удаан барилдах чанга байсан. Энэ барилдааны өмнө нутгийн ах улсын арслан Р.Пүрэвдагватай 48 минут барилдаж, нийтдээ нэг цаг 40 минутын барилдаан үзүүлж байсан. Улсын арслан Р.Пүрэвдагва долоогийн даваанд гурван бөхөөс намайг амласан. Бид хоёр 2013 оноос хойш бэлтгэл сургуулилтаа нэг галд базааж байна.
-Жудагтай бөх гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Ёс суртахуунтай, харилцааны соёлтой, хүнийг ялгаж харьцдаггүй байх ёстой. Мөн шинэ гарч ирж байгаа цолтнуудаа зөв үлгэр дууриал үзүүлж, аливаа буруу зүйлээс өөрийгөө татаж явах ёстой гэж боддог. Төлөв даруу, шулуун шударга зантай, бусдыг хүндэлдэг байх нь жудагтай эр хүний нэг эрхэм чанар юм болов уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 68 (6800)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.