"UBS" телевиз, "PickPack" болон "White Arch Studios", "UB Pictures"-ийн хамтарсан бүтээл болох “Нарны садан” уран сайхны кино өнгөрөгч гуравдугаар сарын 17-оос бүх кино театрын дэлгэцнээ гарч эхэлсэн.
Хангайн нурууны дайд мухарт эвлэн нэгдэж, айлсан буудаггүй "Хар сарлагтынхан", "Бүгээн сарлагтынхан" хэмээх хоёр овог байжээ. Тэд жилдээ ганц удаа цуглаж, сүргийн манлай бухаа мөргөлдүүлэн наадам хийж, баясан цэнгээд дараа жилийн болзоот өдөр хүртэл эргэн уулзалдахгүйгээр салан одоцгоодог заншилтай юм санж. Гэтэл нэгэн наадмаар хоёр овгийн хооронд хагарал тэмцлийн хар ангал жинхэнэ утгаараа биежиж, цусан өшөө авах хатуу нэхлийн хаалга онгойно.
Энэ бол туульсийн кино болох "Нарны садан" УСК-ны цөм үйл явдал. Уг киноны зураг авалтыг Архангай аймгийн нутаг дэвсгэрт голчлон авсан бөгөөд хангай нутгийн гайхамшигт дүр төрхийг уг киноны дуранд буулгахдаа нутгийн иргэд, аймаг сумын ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр 10 000 сарлагыг нэгэн дор цуглуулжээ.
Үүний өмнө Монголын морин спорт уяачдын холбоо 11125 морьтны жагсаал хийж, Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлсэн түүхтэй.
Тэгвэл "Нарны садан" УСК-ны зураг авалтын үеэр зохион байгуулсан 10 000 сарлагын бэлчээр дээрх амжилтыг удаалж Гиннесийн номд бүртгүүлэх бүх нөхцлийг хангажээ.
"UBS" телевизийн уран бүтээлчид Монголын киночдын хүрээгүй газар очиж, хөндөөгүй сэдвээр уран бүтээл туурвиж, үзэгч түмэндээ толилуулахыг эрхэм зорилгоо болгодог. Энэхүү зорилгынхоо хүрээнд тайгын цэнхэр хязгаараар нутагладаг цаатан түмний ахуй соёлыг харуулсан “Содура”, өмнийн шаргал говьд үүссэн гэх домогтой үндэсний бахархалт морин хуур хөгжмийн яруу эгшиглэнг дуурсгасан “Говийн домог” зэрэг уран сайхны киног бүтээж, үзэгч олноос өндөр үнэлэлт авсан билээ.
Дээрх кинонуудыг бүтээсэн уран бүтээлчид энэ удаад хангайн цармыг зорьж, уулын таг, усны тунгалгийг даган хэдэн мянганы тэртээгээс идээшин бэлчээрлэж ирсэн Монгол орны унаган мал сарлагийг адгуулан маллаж, ашиг шимийг нь хүртэн амьдардаг зон олны тухай “Нарны садан” туульсын уран сайхны киног ийнхүү бүтээжээ. Ингэснээр монголын кино урлагийн салбарт UBS TV-ийн гурамсан бүтээл мэндэллээ.
Киноны гол дүрд Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, СТА Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ. Зохиолч, ерөнхий найруулагчаар О.Эрдэнэ, ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор УГЗ Л.Балхжав, гүйцэтгэх продюсерээр Б.Анир, Т.Энэрэл, Д.Долгион, төслийн удирдагчаар СГЗ Ж.Баяр, зураглаачаар Д.Цэрэнчимэд, Г.Алтаншагай, зураачаар Т.Нямсүрэн, дууны найруулагчаар Э.Эрдэнэбаяр нар тус тус ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан бүтээл болсон бн, баярлалаа
Aimaar kino