АНУ-ын Калифорни муж улсын нийслэл Сакраменто хотын төвд галт зэвсэгт халдлага болсны улмаас багадаа зургаан хүн амиа алдаж, 12 хүн шархадсан тухай бүс нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Баар, цэнгээний газар, ресторанаар дүүрсэн хотын төв хэсэгт өнгөрөгч ням гаргийн үүрээр буун дуу гарсны дараа хүмүүс олноороо зугтаж, үймээн самуун үүссэн байна. Энэ үеэр ойролцоо байсан цагдаа нар яаралтай арга хэмжээ авсан бөгөөд гудамжинд "маш олон хүн цугларсан байсан" гэж цагдаагийн дарга Кэтрин Лестер тэмдэглэжээ.
Албаныхан одоогоор сэжигтнийг илрүүлээгүй байгаа ба ямар ч баривчилгаа үйлдээгүй гэж сэтгүүлчдэд хэлсэн юм. Мөрдөн байцаагчид одоо хэргийн газарт дүг шинжилгээ хийж байгаа бөгөөд халдлагад буруутай этгээд эсвэл бүлгийг тогтоохын тулд олон нийтээс мэдээлэл, тусламж хүссэн аж.
Хотын дарга Даррелл Стайнберг энэ явдлын талаар "Нас барсан болон шархадсан хүмүүсийн тоог сонсоод хүлээж авахад хэцүү байна. Галт зэвсгийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь манай хот, улс, үндэстний хэмжээний гамшиг бөгөөд үүнийг бууруулах бүх үйл ажиллагааг би дэмжих болно" хэмээн олон нийтийн сүлжээндээ бичсэн байна.
Энэхүү үйл явдал нь АНУ дахь галт зэвсгийн хүчирхийлэл, аюултай зэвсгийн өргөн хэрэглээний талаарх маргааныг хурцатгаад байгаа юм. Тус улсад жил бүр галт зэвсгийн улмаас 40 мянган хүн нас бардаг болохыг албаныхан онцолжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.