"Шивээ-Овоо" ХК-ийн дарга нарынх нь 419 сая төгрөгөөр уурхайдаа “шахсан ” хуучин хөдөлгүүр, генератор гурван жилийн туршид нэг ч удаа ажиллаагүй ажээ.
“Эрдэнэс Монгол“ Төрийн өмчит компанийн харьяа Говьсүмбэр аймагт нүүрс олборлогч “Шивээ-Овоо” ХК 2021 онд 8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, татварт 11 тэрбумын өртэй болсон байна. Уурхай ийнхүү ашиггүй ажиллах болсны нэг шалтгаан нь дарга нар нь ажилладаггүй тоног төхөөрөмжийг өндөр үнээр уурхайдаа "шахдаг" явдалтай холбоотой гэнэ.
2017 онд “Шивээ-Овоо“ ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ц.Энхтүвшин, дэд дарга Э.Цасчихэр, Д.Алтансүх нар нь уурхайг эхнэр, хүүхэд, хамаатан саднуудаараа дүүргэж, олон жил ажилласан инженер техникийн 40 гаруй хүнийг мэргэжлийн ажилтнуудыг ажлаас нь халжээ. Хяналтгүй, хамаатан саднууд дүүрсэн энэ уурхайн тендэрт дарга нар нь хуучин, огт ажилладаггүй тоног төхөөрөмжүүдийг өндөр үнээр нийлүүлж ирсэн аж. Тус уурхайгаас зарласан тендэрүүдэд “Мөлүү хээр”, “Хаштехник”, ”Ташаа домбон”, “Пинакле” гэсэн дөрвөн компани голдуу шалгардаг байна.
Баримт-1: 2019 онд тус компани экскаваторын хөдөлгүүр, генератор нийлүүлэх тендэр зарлаж, “Мөлүү хээр” ХХК шалгарч 419 сая төгрөгөөр ЭКГ-10И экскаваторын 3 ширхэг хөдөлгүүр, генератор нийлүүлжээ. Гэвч эдгээр нь хуучин, огт ажилладаггүй хөдөлгүүрүүд байсан бөгөөд техникийн комиссын дүгнэлтээр засварт явуулсан боловч мөн л ажиллаагүй бөгөөд уурхайн хашаанд байсаар байгаа аж. Энэ тендэрийг шалгаруулах үнэлгээний хорооны комиссын дарга нь уурхайн дэд захирал Э.Цасчихэр өөрөө байжээ. Тендэрт шалгаруулсан хөдөлгүүр генератор нь ажиллахгүй тул асуудал үүсэнгүүт Э.Цасчихэр дарга “Үнийн дүнгээ та нар буруу тавьсан” гэж ажилчдаа буруутгажээ.
Баримт-2: 2019 онд уурхайд 650 сая төгрөгийн үнийн дүнтэй нүүрс бутлагчийн тендер зарлагдахад уурхайн дэд захирал Д.Алтансүхийн хамаарал бүхий компани ялсан гэж эх сурвалж хэлэв. Уг нүүрс бутлагч мөн л ажиллахгүй байгаа гэнэ.
Баримт-3: “Шивээ-Овоо” ХК-ийн Техникийн албаны дарга Л.Гэрэл нь уурхайд хэвийн ажиллаж байсан 16 тн-ы краныг 43 сая төгрөгөөр акталж заржээ. Уг краны төлбөр нь Б.Баяраа гэх /“Шивээ-Овоо” ХК-ийн ажилтан/ иргэний нэрээр компанид орж, эргээд “Бялхам Хүсэл” ХХК-ийн нэрээр уурхайгаас сар бүр түрээсийн 17,5 сая төгрөг авч байгааг тус уурхайн шилэн дансны мэдээлэлд тавьсан байна.
Ташрамд дурдахад “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хүн бол дэд захирал Д.Алтансүх нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн, Санхүү хангамж хариуцсан дэд захирал Э.Цасчихэр нь Ч.Хүрэлбаатарын хүн. Э.Цасчихэр нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байсан билээ.
Сэтгүүлч Б.Отгон
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 3- с өмнөх дарга нарыг бас шалга