СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-04-04

У.Очирбат: Дэлхийн цагаан олимп Монголыг даллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Өвлийн Цагаан Олимпийн XXIV наадам өндөрлөсөн хэдий ч сүр дуулиан нь намжаагүй, дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн хэвээр байгаа энэ цаг мөчид Тэшүүрийн Улсын Шигшээ Баг (УШБ) -ийн 1960-аад оны үеийн тамирчин, спортын мастер, 1969-1974, 1981-1984 онд шигшээ багийн дасгалжуулагч, Монголын Тэшүүрийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 13 жил хашсан, 2015 онд “Тэшүүрийн спортоор амжилтад хүрэх дөт зам” ном, 2021 онд “Жижиг хэмжээний мөсөн гулгуурын талбайг байгуулан ашиглах" зөвлөмж бичсэн Монгол Улсын шилдэг дасгалжуулагч, МТХ-ны техникийн хорооны зөвлөх Увшнасангийн Очирбаттай ярилцлаа.

-1964 оны Австрийн Инсбрукийн IX Олимпоос гараагаа эхэлж, 1968 он-Францын Гренобль Х, 1972 он-Японы Саппоро XI, 1980 он-АНУ-ын Лейк Плэсид XIII, 1992 он-Францын Альбервиль  XVI, 1998 он-Японы Нагоно XVIII, 2002 он-АНУ-ын Солт-Лейк XIX гээд Дэлхийн Өвлийн Олимпод олонтоо оролцож ирсэн Монголын тэшүүрчдийн залгамж халаа өнөө жил Бээжингийн XXIV Олимпод оролцох эрх авч чадсангүй. Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайг эс тооцвол, байгалийн ижил нөхцөлд эх орныхоо хаяанд болж буй Олимпод харьцангуй бага зардлаар оролцох боломжийг Монголын тэшүүрчид алдсанд  Та харамсаж байгаа нь лав?

- Монголын тэшүүрчид 2006  оны Италийн Турины  XX Олимпоос хойших дараалсан таван Олимпод оролцож чадсангүй. Яагаад гэвэл,  өмнөх Олимпуудад тухайн улс орны хүсэлтийн дагуу урилгаар оролцуулдаг байсан юм. Орчин үед урилгаар бус, харин Олимпийн жилд ОУТХ-ны зохион байгуулсан 3-4 томоохон тэмцээнд заавал оролцож, Олимпийн сонгомол зайн төрлүүддээ биелүүлэх ёстой Олимпийн эрхийн амжилтыг үзүүлж, оноог авч чадвал дэлхийн шилдэг 30 тэшүүрчний нэг нь болж Олимпод оролцох эрхтэй болдог.   

-Дээр үеэс тэшүүрийн спортод дэлхийд тэргүүлэгч орнууд байр сууриа хэвээр хадгалж чадаж байна уу. Тэдгээр орны  тамирчдын амжилтын түвшин орчин үед ахисан хэвээр үү?

-Бээжин-2022 буюу Өвлийн XXIV Цагаан Олимпод уралдсан тэшүүрчдийн амжилтаас дүгнэвэл хуучин шилдэгт тооцдог орнууд манлайлсан хэвээр байна. Европ тивд Скандинавын хойгийн Нидерланд, Норвеги, Финлянд, Швед, мөн Итали, Бельги, Австри, Орос, Унгар, Чех, Белорусс; Ази тивд Япон, Хятад, Өмнөд Солонгос, дулаан орноос Тайванийн тэшүүрчид энэ Олимпод илүүрхлээ.

-Тэшүүрийн спортоор Олимпод оролцох эрх олгох тамирчдын тоо харьцангуй цөөн байдаг бололтой, тийм үү?

-Сонгомол зайнууд болох 500, 1000, 1500, 3000 метрийн зай тус бүрд (эм, эр) 30 тамирчин, 5000 (эр, эм), 10000 (эр) метрт болон бөөн гараатай уралдаанд 24 тамирчин ордог. Дэлгэрүүлж хэлбэл, тэшүүрээр Олимпод оролцдог сонгомол төрлүүд нь Ойрын зай-500, 1000 м (эм, эр), дундын зай-1500 м (эм, эр), холын зай-3000, 5000 м (эм, эр), 10000 (эр); багийн уралдаан (эм, эр) өндөр хурдны, бөөн гараатай (эм, эр) саармаг хурдны, богино зайн шорт трейк нь ойр ба дундын зайд уралдана.

Эндээс нэг сонин зүйл ажиглаж болно. Юу гэвэл, хурд, тэсвэр шаардсан тэшүүрчний тухайд Өвлийн Олимпийн наадамд наанадаж гурван удаа (3 удаа х 4 жил=12 жил) уралдах боломж байгаа ажээ. Жишээлбэл, манай одоогийн ид уралдаж буй тэшүүрчин А.Зул, Я.Зоригтбаатар нарын тухайд 2026 онд Италид болох Өвлийн XXV Олимп, дараа, дараагийн Олимпод ч оролцох ид хавтай залуу нас байгаа гэсэн үг юм.

Манай тухайд Өвлийн Олимпод оролцохоор бэлтгээд зорьсондоо хүрч чадаагүй 1-2 тамирчны хувьд бэлтгэлжилт (бие бялдрын ерөнхий) хэт дутмаг байлаа. Гол нь ерөнхий тэсвэрт суурилсан анаэроб (О2 -гүй) нөхцөлд тэвчих хурд хүчний тэнцвэр хэт дутмагаас хурдтай, өндөр цаг графикт тэсч чадахгүй ядарч гүнзгий ядралт (переутомление) өвчлөлд орж байна.

Ээлжит Олимпод бэлтгэх гурван жилийг хий хоосон холхиж өнгөрөөчихөөд, Олимпийн жилд улсын баахан валютыг хий дэмий үрж байна. Дасгалжуулагч У.Очирбат надад өндөр зэрэглэлийн тамирчдыг 3-4 жилд Олимпийн норматив биелүүлэх бэлтгэл сургалтын чиг аргууд бэлэн байгаа хэдий ч, үүнийг энд ил дурдахгүй.

-Тэшүүрийн спортын Дэлхийн болон Олимпийн рекорд амжилтууд дээд хязгаартаа тулсан. оргил түвшиндээ хүрч байна гэж та үзэж байна уу?

-Тэшүүрийн спортын сонгомол зайн төрлүүд нь стандарт зам талбайд уралддаг тул рекорд амжилт тогтоож болно. 100 м, 200 м, 300 м бол хамгийн ойрын сонгомол зайнуудын гарааны эхний хурд хүч авах хөөлтийн (отрезок) зайнууд. 3000 м, 5000 м, 10000 м нь сонгомол холын зай. Харин 1500 метр нь сонгомол зайнуудын дундаж зай болох тул тэшүүрчдийн “Түлхүүр”, “Миль” зай гэж үздэг юм.

1500 метрт сайн гүйдэг тэшүүрчний ойрын болон дундын, холын зайд гүйх чадвар өндөр тул энэ 1500 метрийн зайг онцолдог юм. Ийм учраас Монголын тэшүүрчид цаашдаа Олимпод орох эрхийн төлөө бэлтгэлд энэ зайг сонгох нь организмын ажиллах булчингийн эд эсүүд О2-ийн дутагдалд дасан зохицох чадварыг эзэмшүүлэхэд тусална.

Харин тэгтэл манайхан Олимпод ойрын зай (500, 1000 м)-гаар бэлтгээд Бээжин-XXIV Олимпод оролцох эрх олж авч чадсангүй. Тэсвэр, дархлаа сайтай Монголчуудын хувьд тэшүүрт Азийн рекорд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоож (Л.Цэнд), Азийн Цомын аваргын мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр хүрэл медаль (Н.Ганболд) хүртсэн 10000 метрийн зай  нь бидэнд Олимпийн эрх авах дөт зай ч болох юун магад.

Одоогоор Дэлхийн дундаж амжилт:

500 метрт: эм-36.50 сек; эр-34.44 сек,

1000 метрт: эм-1.12.09 сек; эр-1.07.64 сек,

1500 метрт: эм-1.51.79 сек; эр-1.45.00 сек.байна.

Өвлийн Олимпод орох эрх авах норматив амжилт:

500 метрт: эм-39.5 сек, эр-35.7 сек.

1000 метрт: эм-1.18.0 сек. эр-1.10.5 сек.

1500 метрт: эм-1.59.50 сек. эр-1.48.0 сек. юм.

-Эдгээр зайд Монголын тэшүүрчдийн рекорд амжилт дэлхийнхээс хэр хол зөрөөтэй байгаа вэ?

-Насанд хүрэгчдийн тухайд Монголын тэшүүрчдийн рекорд амжилтууд дараах байдалтай байгаа.

500 метрт: эм-41.09 сек. (2016 он), эр-36.59 сек. (2017 он)

1000 метрт: эм-1.21.22 сек. (2017 он), эр-1.11.1 сек. (2017 он)

1500 метрт: эм-2.05.76 сек. (2017 он), эр-1.50.19 сек. (2013 он)

Ингэхээр Олимпийн эрх авах монгол тэшүүрчдийн амжилтын зөрөө:

500 метрт: эм~2 сек. эр-2 сек.

1000 метрт: эм~ 3 сек. эр~3 сек.

1500 метрт эм~ 6 сек. эр~2 сек. байгаа юм.

Эдгээрийг монгол тэшүүрчдийн 2013 оны амжилттай харьцуулав. Харин холын зайнуудад 1-2 минутын зөрөө гарна.

Одоо хариулж амжилгүй алгасчихсан таны түрүүчийн асуултад хариулъя. Тэшүүр мэдэх хүний асуулт байна. Сонгодог зай-500, 1000, 1500 метрт Дэлхийн болон Олимпийн дээд амжилтууд цаашдаа бараг ахихааргүй болж, дээд хязгаартаа тулжээ гэж үзэж болохоор байна. Олимпод эхний медаль авсан тэшүүрчдийн амжилт 1-2 секундын 100, 1000-ны нарийвчлалтай хором хугацаагаар хэмжигдэх болсон. Өөрөөр хэлбэл, энэ хором хугацааны дотор л зэрэгцээд барианд орчихож байна шүү дээ.

Харин сонирхолтой нь монголчууд энэ оргилд хүрч очих зам нээлттэй шүү. Дэлхийн Өвлийн Цагаан Олимп одоо манай буурай Монголыг бид үүнээс цааш ахихааргүй болж, чинээндээ туллаа, та бүхэн нааш дөхөөд ир хэмээн даллаж байна. Монголчууд бид Олимп, Дэлхийн  дээд амжилтад хүрч чадна.

Тамирчинд хурд, хүчний гайхамшиг гэж юм байна. Харьцуулж яривал, Ямайкийн хөнгөн атлетикийн ойрын зайн гүйгч, Олимпийн найман алтан медальт Усэйн Болт (Usain Bolt) 100 метрт 9.50-9.60 сек. гүйж байхад Дэлхийн шилдэг тэшүүрчин 500 метрийн эхний100 метрт 9.60-9.70 сек. гүйж, ерөнхийдөө газар дээр хөлөөрөө гүйж буй Усейн Болтыг мөсөн дээр хурдан тэшүүрээр гүйж буй тэшүүрчин гүйцэхгүй байна. Усейн Болт гараандаа чанх урагш сум мэт суга үсрэн гарна. Тэгэхэд тэшүүрчин бараг 10-аад метрт хурдаа авах  гэж арваад алхам тэсрэлттэй хүчээр гулгуулан гүйнэ. Гарын хаялт гэхэд гүйгч гараа тохойгоор нугалж урагш, хойш шиднэ, тэшүүрчин гараа хоккейчлон хаяна.

Улсын шигшээ багийн тамирчин У.Очирбат. 1961 он.


-Монголчуудын тухайд яагаад тэгж бодох болов. Таны уруулыг даваад зүгээр нэг алдуул үг уначихаагүй нь лав. Дасгалжуулагчийн мэдрэмж гэж нэг нарийн нандин зүйл танд байдгийг шавь нар тань ярьдаг. Ойрын зайн гүйлтийн алдарт тэшүүрчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Лувсанлхагвын Дашням гуай таныг ховорхон авьяастай дасгалжуулагч хэмээн товч намтартаа дурсжээ?

-Ойрын зай 500, 1000, 1500 метрийн зайн Дэлхий, Олимпийн рекорд амжилтууд нь тэшүүрчний бие организмын ажиллах дээд боломжид бараг хүрсэн байх гэж боддог. Энэ стандарт (400 м) зам тойргийг 25.0 сек-ээр тойрох графикаа барьж байна. Харин одоо тэшүүрчин тойргийг 23-24 сек-ээр тойрдог болгоё гэвэл мөсний гулсамтгай чанарыг дээшлүүлж, тэшүүрийн гулгахад нөлөөлөх эсэргүүцлийг багасгах, эсвэл тэшүүрийнхээ загвар хийцийг ахин өөрчлөх л үлдэх шиг боллоо.

-Спортыг бүр орь залуу насанд л хамаатуулж, үзэгдээд л өнгөрдөг зурвасхан мөч гэх үзэл одоо ч хэвээр. Гэтэл Бээжингийн Өвлийн Олимпид гуч дөхсөн, гуч давсан насны тэшүүрчид ааглаж байлаа. Туршлага сурцтай нь холбоотой юу, өөр юу нөлөөтэй вэ. Спортын ид нас хэтрэх гэдэг ойлголт тэдний л хувьд лав алга?  

-Бээжингийн XXIV Олимпийн тэмцээнд оролцогч  тэшүүрчид насны хувьд 18-25-орь залуу (юность), 25-35 насныхан (молодость) байлаа. Өөрөөр  хэлбэл, энэ Олимпод 25-35 насныхан л ид уралдаж, үзэж тарж, үсэрч дүүлж байна шүү дээ. Олимп гэдэг чинь Ахмадуудын аварга шалгаруулах тэмцээн биш, харин дэлхийн сор болсон орь залуухан тэшүүрчдийн дөрвөн жилийн турш хөлсөө дуслуулан бэлтгэл хийснийхээ үр дүнг үзэж, хурд хүчээ сорьж буй хатуу ширүүн өрсөлдөөн.

Бээжингийн Цагаан Олимпоос Нидерландын 29 настай тэшүүрчин Ирини Шаутен (Irene Schouten) гурван алт, нэг хүрэл медаль авлаа. Орь залуу насны тэшүүрчин биш шүү дээ.

1986, 1987 оныхон буюу 35, 36 насныхан Бээжингийн XXIV Цагаан Олимпод залуусын өвдгийг чичрүүлж байлаа. Чехийн тэшүүрчин 35-тай Мартина Сабликова (Martina Sablikova) 5000 метр-т хүрэл медаль, Голландын алдарт тэшүүрчин, Олимпийн дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальт Свен Краммер (Sven Krammer) 35 насандаа Бээжингийн Олимпод 5000 метрт IX, багийн уралдаанд IV байр эзэллээ. Бээжингийн Олимпийн 1500 метрийн зайд алт, багийн уралдаанд хүрэл медаль хүртсэн Голландын тэшүүрчин, 36 настай Ирийн Вуст (Ireen Wust) Олимпийн зургаан алт, таван мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн болж бүр ч нэр нь түглээ.

Найман удаагийн Цагаан Олимпод оролцож, Олимпийн таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан Германы эмэгтэй тэшүүрчин Клаудия Пехштайн (Claudia Pechstein) өнөөдөр Бээжингийн XXIV Олимпод 3000 метрийн зайд IX байр эзлээд, Олимпийн дараа 50 нас хүрчээ. Гайхамшигтай байгаа биз, Монголынхоо залуу тэшүүрчдэд сануулга болгож, нөгөө талаас энэ хэлэлцүүлгээр ярилцах нэгэн сэдэв гэж үзэж зориуд дэлгэрэнгүй өгүүлж байгаа юм.

Эндээс нэг сонин зүйл ажиглаж болно. Юу гэвэл, хурд, тэсвэр шаардсан тэшүүрчний тухайд Өвлийн Олимпийн наадамд наанадаж гурван удаа (3 удаа х 4 жил=12 жил) уралдах боломж байгаа ажээ. Жишээлбэл, манай одоогийн ид уралдаж буй тэшүүрчин А.Зул, Я.Зоригтбаатар нарын тухайд 2026 онд Италид болох Өвлийн XXV Олимп, дараа, дараагийн Олимпод ч оролцох ид хавтай залуу нас байгаа гэсэн үг юм.

Манай тухайд Өвлийн Олимпод оролцохоор бэлтгээд зорьсондоо хүрч чадаагүй 1-2 тамирчны хувьд бэлтгэлжилт (бие бялдрын ерөнхий) хэт дутмаг байлаа. Гол нь ерөнхий тэсвэрт суурилсан анаэроб (О2 -гүй) нөхцөлд тэвчих хурд хүчний тэнцвэр хэт дутмагаас хурдтай, өндөр цаг графикт тэсч чадахгүй ядарч гүнзгий ядралт (переутомление) өвчлөлд орж байна. Ээлжит Олимпод бэлтгэх гурван жилийг хий хоосон холхиж өнгөрөөчихөөд, Олимпийн жилд улсын баахан валютыг хий дэмий үрж байна. Дасгалжуулагч У.Очирбат надад өндөр зэрэглэлийн тамирчдыг 3-4 жилд Олимпийн норматив биелүүлэх бэлтгэл сургалтын чиг аргууд бэлэн байгаа хэдий ч, үүнийг энд ил дурдахгүй.

-Дэлхийн шилдэг тэшүүрчдийн амжилтад шууд нааштай нөлөөлж буй хүчин зүйл юу юу байна вэ?

-Тэшүүрийн спортын хөгжлөөр тэргүүлж буй зонхилох улс орнуудад битүү дээвэртэй талбайд хөргүүлтэй мөсөн гулгуур олноор байгуулсан нь уралдаж буй тэшүүрчдийн хурд, хүчийг саатуулах гаднын нөлөөлөлгүй болгосон байна. Тэдгээр оронд тэшүүрчдийн бүтэн жилийн бэлтгэл сургалтыг шинжлэх ухааны үндэслэлээр нарийн чанд төлөвлөн Олимпийн цикл дөрвөн жилдээ давтан хийдэг.

Шинэ загвар хийцийн “clape skate” хэмээх  хавхлагатай тэшүүр нэвтэрсэн нь дэвшил авчирсан. 1998 оны Японы Нагоня-гийн Өвлийн Олимпоос эхлэн нийт шилдэг тэшүүрчид энэ тэшүүрийг хэрэглэх болсон юм. Энэ загвар хийцийн тэшүүр нь хүчтэй агшиж, тэлэх хүчний үйлчлэлээр хөндийрч нийлэх автомат үйлчлэл юм. Энэ үйлчлэл нь тэшүүрчин хөлөө урагш түлхэхэд өсгий нь дээш өргөгдөж, нэг түлхэлтэд хөлийн гулсалт 20-30 см урагшлах ашигтай гэж үздэг.

Манайхан энэ хавхлагатай тэшүүрийг “салдаг тэшүүр” гэж болхи нэрлэж, буруу ярьдгаа болино биз ээ. Дээрх орнуудад тэшүүрчдийн амьдралын функц эрхтнүүдийн ажиллах чадваруудыг өндөр ачаалал даван туулах чадварыг эзэмшүүлэх хяналт тест нормативаар шалгах болсон. Тэгвэл Монголын тэшүүрчдийн хувьд эх оронд нь эдгээр нөхцөл боломжийн аль нь ч алга, тэд ердөө байгалийнхаа унаган өгөгдлөөр, эцэг, эхээс заяасан бие бялдар, тэнхээ тамир, сэтгэлийн хат, идэвх чармайлтдаа л дулдуйдан уралдаж байна.

-Монголд тэшүүрийн спортын материаллаг бааз, тоног төхөөрөмж гэвэл үнэндээ навс уначихсан байна аа даа?

-Унахаар барахав. Олон Улсын Тэшүүрийн Холбооны гишүүн улс орнуудын дотор мөсөн гулгуурынхаа талбайг дэрсэн шүүр, хүрз барин арай хийж цэвэрлэж бардаг улс манайхаас өөр байхгүй. Мөсөн талбайгаа усалж, засч, мөсөө харуулдах зориулалтын машин (комбайн) манайд алга. Аль эрт үед Зөвлөлтөөс орж ирсэн“ГаЗ” машин нь эвдрээд, ажлын хэрэгцээ хангахаа  нэгэнт больсон.

Орчин үед мөс засч усалдаг комбайн нь дулаан байранд “тухалдаг”, хүн шиг амьд эмзэг техник юм. Монголын тэшүүрийн ертөнцтэй олон жил хувь заяагаа холбож яваа миний хувьд хүйтэнд тэсвэртэй, мөсний цасыг шууд арилган шүүрдэж, услах чадвартай, “Сибирь”  гаралтай хүчит техниктэй болохсон гэж мөрөөддөг юм.

-Тэшүүрчний хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн тухайд ч адилхан л биз дээ?

-Манай шилдэг тэшүүрчид Монголын тэшүүрийн үүсэл, хөгжлийн 50 жилийн туршид Орос (ЗХУ)-ын тэшүүр, шаахай болох “Особый заказ” (ОЗ), “Мастерская” загвар хийцийн тэшүүрээр гулгаж, олон улс, тив, дэлхийн тэмцээн, Олимпод уралдаж заншсан улс шүү дээ. Л.Цэнд Оросын “Особый заказ” тэшүүрээр л Казакстаны Медиод болон Улаанбаатарын мөсөн гулгуурын талбайн аль алинд нь Азийн рекорд амжилтыг тогтоож байлаа.

1968 оны Японы Саппорогийн Олимпод Л.Дашням, Л.Цэнд хоёр мөн л Оросын тэдгээр тэшүүрээр уралдсан. Харин одоо орос тэшүүр, шаахай нүдний гэм болоод удаж байна, эх орон нь ч үүнийгээ үйлдвэрлэхээ больжээ. Үүний учрыг Монголын Тэшүүрийн Холбооны удирдлага лавлаж тодруулбал зохино.

Очирбат би өөрөө орос тэшүүрийг тэшүүрчинд нь, шаахайд нь тааруулан тэшүүрийг бүх наасан гагнуураар салган тохируулж гагнадаг, хутган ирийг нь шинэчлэн сольдог байлаа, үнэнийг хэлэхэд энэ ажилд гаршиж мэргэшсэн хүн гэж хэлэхэд онгирсон болохгүй. Тэшүүрийн спортын салбарт ажилласан 60-аад жилд 500 гаруй хос тэшүүр хадсан байх юм.

Сүүлийн 10 гаруй жилд Өмнөд Солонгосын шинэ, хуучин тэшүүр манайд нэлээд орж ирээд, тараад дууссан. Сайн тэшүүр байдаг юм. Одоо гүйлтийн ямар ч тэшүүр олдохоо больсон тул тэшүүр сураглаж хайсан хүн олширсон. Нэг үгээр хэлбэл, тэшүүрээр сонирхон хичээллэхийг хүсэгч маш олон. Гагцхүү тэшүүр, хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээ маш дутмаг, тун ховор юмны нэг болоод байна. Дээхнэ үеийн судалгаагаар Монголд гүйлтийн тэшүүр 1500 хос тархсан болов уу гэж үздэг. Ингээд хоккей, чөлөөт (прокат) гулгагчдынхтай хамтатган тооцвол 3000 гаруй хичээллэгчтэй гэсэн тоо ярьдаг.

Москвагийн мөсөн гулгуурын талбайд.1961 он. 


-Ер нь Монгол Улсад тэшүүрийн спортын зориулалтын мөсөн гулгуурын талбай одоо хаана хаана байдаг вэ?

-Одоо 80 орчим гишүүнтэй Олон Улсын Тэшүүрийн Холбоонд 1959 онд гишүүнээр элссэн Монголын Тэшүүрийн Холбоо уг Холбооны эртний гишүүний нэг гэгдэж таарна. Монголд олон улсын тэшүүрийн тэмцээн явуулах 400 метрийн стандарт талбай багтах стадион Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод гэх зэргээр Монголын томоохон хотуудад бий байх. Мөсөн гулгуур (400 м стандарт) хийж ашигладаг нь Хандгайт л юм. Гэвч Хандгайт нь Улаанбаатар хот, Спортын төв ордноос 27 км зайтай оршдог тул хичээллэгч, сонирхогчдод тийш хүрч очих боломж хомс юм. Хандгайтад дөхөж очих нийтийн унаа нь Ялалт кино театраас маш ховор явах жижиг оврын автобус л байдаг.

Улаанбаатар хотод өсвөр насны хүүхэд залуучууд мөсөн дээр бэлтгэл хийх зам талбай (хямд) байхгүй, боломжгүйн улмаас нийслэлийн өсвөр тамирчдын спортын амжилт, дасгалжуулагч багш нарын хүрэлцээ хөдөө орон нутгийн тамирчдынхаас хоцорч, 2022 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний дүнгээс харахад хөдөөнийхөндөө ялагдаж байна.

Хандгайтад ганц контейнерээс өөр тамирчид байрлах, хувцас солих, амрах байр алга. Нийтийн (прокат) хичээллэх мөсөн талбайд мөс тавиагүй, цайны газар ч байхгүй. Хандгайтын талбайн гол хэсэг болон талбайн эргэн тойронд газар шорооны тэгшлэн засах ажил хүлээгдэж байгаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн: Урьд нь мөсөн стандарт талбай байгуулж олон улсын тэмцээн явуулдаг уламжлалтай хүрээлэн юм. Одоогоор удирдлага нь манай нэрт тэшүүрчин, Өвлийн Олимпод оролцогч Т.Нямдаваа байгаа. 2018 оноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэнд мөс тавьж, тэшүүрийн тэмцээн уралдаан явуулсангүй. Мөс тавихыг хүслээ ч зардал мөнгийг нь МТХ даах чадваргүй гэдэг тайлбар байдаг юм. Т.Нямдаваа нэгэн үе МТХ-ны Ерөнхийлөгч байхдаа тэшүүрийн клуб, роликийн талбай ч байгуулж байсан. Тэшүүрчдийн зарим хэсэг нь эсэргүүцэж хэл ам татлаад байхлаар нь Т.Нямдаваа МТХ-ны Ерөнхийлөгчөөс шууд татгалзаж больсон билээ. Явж явж Төв цэнгэлдэх хүрээлэн маань 2021-2022 онд мах борлуулах бөөний худалдааны цэг маягийн сав болох шив дээ. Уг нь мах борлуулах байр сав Улаанбаатарт хаа мундахав.

-Монголын төр, засгийн зүгээс сүүлийн үед өвлийн спорт, тэр дундаа тэшүүрийг хөгжүүлэх талаар анхаарч үзсэн зүйл байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 27 тоот зарлиг гаргаж, өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэх материаллаг баазыг барьж байгуулах талаар төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор орчин үеийн задгай болон битүү спортын ордон барьж байгуулах, Монголын тамирчдыг Өвлийн Олимпийн наадамд амжилттай оролцуулдаг болгох талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахыг даалгасан юм.

Уг Зарлигийг бодит ажил болгох талаар хийсэн зүйл нь гэвэл, “Талын дэвжээ”-ний “Мөсөн Өргөө” л байх шив дээ. “Мөсөн Өргөө” 2021оны есдүгээр сарын 29-нд нээлтээ хийсэн. Энэ Ордонг Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өвлийн спортын иж бүрэн ордон бий боллоо хэмээн дүгнэн магтсан. Харин тэгтэл 60х30 метрийн энэ ордон маань ердөө хоккейн талбайн хэмжээтэй л юм. Тэр талбай нь шорт-трейкийн бэлтгэл хийх, уран гулгалтын спорт хөгжүүлэхэд нэмэртэй болохоос бус, сонгомол зайд хичээллэгч хурдан гүйлтийн тэшүүрчдийн уралдах 182 м х 70 м талбайгаас долоо дахин бага зайтай юм.

-Монголд тэшүүрийн спорт хэдийд ид цэцэглэж байсан бэ?

-1950-1960 он Монголд тэшүүрийн спорт олон улсын жишигт хүрч хөгжсөн үе. 1961-1980 бол Монголын тэшүүрийн спортын хөгжил дэвшлийн үе л дээ. 1971 оноос ах дүү социалист орнуудын уламжлалт олон улсын Интернационал тэмцээн 1984 оныг хүртэл 14 удаа болсон. Зөвлөлтийн мэргэжилтэн А.Н.Пискарев 1955-1957 онд, П.И.Павлов 1961-1964 онд, О.М.Конлыбаев 1966-1968 онд, О.А.Шабаров 1977-1980 онд, Унгар улсын мэргэжилтэн Г.Янош 1999-2002 онд Монголд уригдан ажиллаж байлаа.

1968 онд Москвагийн БТДС-ийг төгсөөд Улсын Шигшээ Багийн дасгалжуулагчаар 1969-1974 он, 1981-1984 онд ажилласан У.Очирбат бол гадаадад төгссөн  тэшүүрийн анхны үндэсний мэргэжилтэн юм.  Монголын тэшүүрчид олон олимпод оролцсоныг та асуултынхаа эхэнд дурдсан тул нуршилтгүй. 1973 онд Хүүхдийн биеийн тамирын оройн сургуульд тэшүүрийн анги нээж Монгол Улсын гавьяат тамирчин Л.Цэнд багшаар ажилласан.

1975 онд Улаанбаатар хотын спартакиад, ахмадын УАШ тэмцээн, дугуйт тэшүүр, хүүхдийн их наадам болж байлаа. 1984 онд БТСУХ-ны харьяа Спорт сургалтын төвд тэшүүрийн бэлтгэл анги нээсэн. 2002 онд Шорт-трейк төрөлд Дэлхийн залуучуудын аваргын тэмцээнд оролцож эхэлсэн. 1992, 1994, 1998, 2002 оны Өвлийн Олимп, Олимпийн эрх олгох, Дэлхийн аварга шалгаруулах, Дэлхийн цомын аварга, Азийн өвлийн тоглолт, Оюутны универсиад наадамд оролцож, Канадын Калгар хотын мөсөн гулгуурын талбайд Монголын тэшүүрчид улсынхаа рекорд амжилтыг удаа дараа шинэчлэн тогтоосон байдаг.

2010 онд МТХ спортын 62 холбоодоос шилдэг Холбоогоор шалгарч УАШТ-ний үйл ажиллагааны зардлаар шагнуулж байсан удаатай. 2017 онд тэшүүрийн багш дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх сургалтын өргөн хүрээтэй онол, арга зүйн семинар болж байлаа. Энэ бүхэн дэвшил байлаа.

-Түүнээс хойш Монголын тэшүүрийн спорт доройтож буурсны шалтгаан нь юу вэ?

-Ерөнхийдөө 2016-2022 он бол Монголд тэшүүрийн спортын хөгжлийн түвшин буурсан үе. Энэ хугацаанд тэшүүрийн спортын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо алдагдсан. 2018 онд хийх ёстой байсан Монголын Тэшүүрийн Холбооны их хурал хойшлогдсон. Тэшүүрийн тэмцээний тоо, хамрах хүрээ цөөрч хязгаарлагдсан. Цар тахал дэгдэж удаан үргэлжилсний улмаас тэшүүрээрээр хичээллэгчид хөл хорионд орж бэлтгэл сургуулилт удтал завсардсан.  Ер нь Монголын тэшүүрийн спортыг өөд татан сэргээж, хоцрогдлоос гарган Дэлхийн жишигт хүргэх боломж бололцооны тухай сэдвээр санаа сэдэж, үг өдөж тэшүүрчдийн болоод мэргэжлийн хүмүүсийн дунд яриа өрнүүлэх үүднээс би энэ ярилцлагыг өгч байгаа юм шүү.

Монголын хүйтэн улирлын үргэлжлэх хугацаа урт. Хуурай газрынхаа хүйтэн цаг уураар дэлхийд дээгүүрт орно. Тэгэхээр тэшүүрийн спорт хөгжих таатай орчин бий гэсэн үг. Мөс бол -10 хэмд л гулгахуйцаар хөлдөнө. 10 дугаар сарын дунд үеэс нимгэн асгасан ус даруй хөлдөнө. Жишээ нь, Хандгайт дахь гулгуурын зориулалтын талбай асфальтан хучилттай тул бүр амархан мөстэй болчих юм. Тэгээд ч Монголын нуур цөөрөм, гол ус халиа ихтэй, хүүхэд багачууд гулгах мөс элбэг шүү дээ. 

-Монголын тэшүүрийн спортын хөгжлийн бүхий л намтрыг гаргууд сайн мэдэх хүний нэг нь Та. Зарим нэг тодорхой баримт сонирхуулна уу?

-Монголын уламжлалт мөсөн наадгай 1200 жилийн түүхтэй гэж саяхан болсон нэгэн том зөвлөгөөн дээр ярьж байна билээ. Орчин үеийн спортын нэгэн төрөл тэшүүрийн спорт 1927-1928 оны үеэс Орос Улстай хил залгаа нутаг Дээд Хиагтаар орос хүмүүсээр дамжиж үүссэн түүхтэй. Намын Төв Хороо 1937 онд  тэргүүлэгчдийнхээ хурлаар биеийн тамир спортыг дэлгэрүүлэн сайжруулах тогтоолд заасны дагуу “коньки” хэмээх төмөр тэшүүрээр явах нууран мөсийг Улаанбаатар хотод байгуулан нээсэн байна.

1950 онд Улаанбаатарт “Соёл” нийгэмлэгийн “Туяа” нэртэй гулгуурын талбай нээж, тэшүүрийн улсын аварга шалгаруулах анхны тэмцээн явуулжээ. 1955 онд ЗХУ-ын Тэшүүрийн шигшээ багийн гишүүн А.Н.Пискаревыг Монгол улсад урьж ирүүлэн тэшүүрийн секц хичээллүүлж, дасгалжуулагч шүүгчдийг бэлтгэж эхэлсэн. 1954 онд Д.Даржаагийн үг, Л.Лхадоржийн ая “Ган тэшүүрчин” дуу гарч, анх Ардын жүжигчин Л.Цогзолмаа, дараа нь Ардын жүжигчин Б.Зангад нар дуулж, тэшүүрчдийн сүлд дуу болсон юм. 1956 онд тэшүүрийн анхны Шигшээ баг байгуулагдсан. “Хөдөлмөр” нийгэмлэгийн мөсөн гулгуурын талбайг байгуулж, 1957, 1958, 1959, 1960  оны тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, 1961 оны Монголын Бүх ард түмний спартакиад энэ талбайд явагдсан.

1962 оноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн гулгуурын талбайд уралдах болсон. Эрдэнэтэд шаардлагатай үед стандарт мөс тавьж УАШТ явуулж байлаа. Булган аймгийн Баяннуур сум байгалийн нууран дээрээ 400 м стандарт мөс тавьж, УАШТ явуулсан Монголын анхны сум юм. Энэ мөсөн дээр улсын рекорд (100 метрт, эр) тогтоож байлаа.

-Монгол тэшүүрийн спорт хөгжих бололцоотой орон. Гэхдээ аль аль нутгаар тэшүүр түлхүү дэлгэрсэн бэ?

-Дээхнэ үед говийн аймгуудаас ч тэшүүрчдийг улсын тэмцээнд заавал оролцуулж байсан. Жишээ нь, би өөрөө говийн хүн, Өмнөговь аймгаас тэшүүрийн тэмцээнд ирж оролцож, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан ахуйдаа улсын тэмцээнд сайн уралдаж, шигшээ багийн тамирчин болж, дасгалжуулагчийн замнал туулсан хүн байгаа юм. Говийн аймаг, хот суурингуудад тэшүүрийн спортоор хичээллэх явдал 1970-аад оноос хойш зогссон. Хангайн аймаг, хот суурингаас Булган, Хөвсгөл, Завхан, Орхон, Сэлэнгэ, Эрдэнэт, Хэнтий, Баян-Өлгий, Төв, Улаанбаатар хотын зарим дүүрэгт тэшүүрийг дэмжин хөгжүүлж байна. Нийслэлийн зарим дүүрэг идэвхгүй оролцдог.

Харин нэлээд хожуу үүссэн шорт-трейк хэмээх тэшүүрийн төрөл Монголд 1980-аад оны сүүлчээр нэвтрэв. Энэ нь монгол хүний нүдэн баримжаа хэмжээгээр бол мянган хонины хотны тойргоос үл хэтрэх голчтой зайд (111 метр, тойрог) буюу богино зайд уралддаг төрөл л дөө.

Монголын хүйтэн улирлын үргэлжлэх хугацаа урт. Хуурай газрынхаа хүйтэн цаг уураар дэлхийд дээгүүрт орно. Тэгэхээр тэшүүрийн спорт хөгжих таатай орчин бий гэсэн үг. Мөс бол -10 хэмд л гулгахуйцаар хөлдөнө. Аравдугаар сарын дунд үеэс нимгэн асгасан ус даруй хөлдөнө. Жишээ нь, Хандгайт дахь гулгуурын зориулалтын талбай асфальтан хучилттай тул бүр амархан мөстэй болчих юм. Тэгээд ч Монголын нуур цөөрөм, гол ус халиа ихтэй, хүүхэд багачууд гулгах мөс элбэг шүү дээ.

-Монголын тэшүүрчид Олимп, Тив, Дэлхий, олон улсын түвшинд...........?

-Хоёр орны нөхөрсөг уулзалтууд, социалист орнуудын “Нөхөрлөл” тэмцээн, Олимп, Дэлхий, Олон улсын тэмцээн, өндөр зэрэг цолтнууд; манай шилдэг тэшүүрчид олон улсын тэмцээнээс авсан медаль; Улсын Шигшээ багийн багш, дасгалжуулагчид болон гадаадын мэргэжилтэн дасгалжуулагчид; МТХ-ны үе үеийн удирдлага, гадаад харилцаа-ОУТХ-ны болон Ази тивийн тэшүүрийн холбооны их хуралд оролцож байсан, тэшүүрийн тэмцээнүүдийн анхны үүсэл, олон улс, тив, дэлхийн тэмцээнд Монголын тэшүүрчдийн оролцсон цаг хугацаа, амжилт, хүртсэн медаль гэх зэргийг Таны дээр дурдсан “Дөт зам” номондоо нэгэнт бичсэн тул товчлов.

-Монголын Тэшүүрийн Холбоо...?

-Монгол улсдаа тэшүүрийн спортын хөгжлийн хувь заяаг шийдэх байгууллага нь  МТХ юм. МТХ нь дээд байгууллага Биеийн тамир спортын улсын хороо, Монголын Олимпийн хороо, Олон Улсын Тэшүүрийн Холбооноос дэмжлэг авдаг. МТХ нь Үндсэн дүрмийнхээ дагуу удирдлагатай, төсөвтэй байгууллага. МТХ-ны туслан дэмжих холбоо нь Монголын Тэшүүрийн Мастеруудын Холбоо (МТМХ) юм. Тэшүүрчдийн сайн дураар элсэн нэгдсэн энэ холбоо зардал төсөвгүй, зөвхөн гишүүдийнхээ татвар дэмжлэгт тулгуурлана. Тэшүүрийн Мастеруудын Холбоонд ахмад, залуу олон хүн элсэж байгаа.

-Тэшүүр Монгол оронд чухамдаа бол эрт үүссэн спорт юм байна шүү дээ?

-Тэгэлгүй дээ.  Монголд тэшүүрийн спортын анхны үзэгдэл одоогоос 95 жилийн өмнө үүсчээ. Монголд Тэшүүрийн Үндэсний холбоо 1958 онд байгуулагдаад 64 жил болж байна. Монгол Улс 1959 онд Олон Улсын Тэшүүрийн Холбоо (ОУТХ)-нд гишүүнээр элссэн. ОУХТ нь 1992 онд үүссэнийхээ 100 жилийн ойг тэмдэглэж, энэ ёслолд Монголын Тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч Д.Данзан, дасгалжуулагч, тэшүүрийн спортын гавьяат тамирчин Л.Дашням нар оролцсон. 1950-аад оны эхэн үеэс Монгол улсад тэшүүрийн спортын дэлхий дахины жишиг хэлбэр төрөл болох сонгомол зайн төрлүүд (500, 1000, 1500, 3000, 5000, 10000 метр) хөгжин тэмцээн уралдаан явуулдаг болсон.

Ярилцсан Бямбажавын ӨВГӨНХҮҮ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 67 (6799)

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.