УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Энермэд ХХК-иас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ХСҮТ-ийг гуравдагч этгээдээр татан мэдүүлсэн заргатай холбоотойгоор Хавдар судлалын төвийн захиргаа өөрийн байр сууриа илэрхийллээ.
ХСҮТ-ийн ерөнхий захирлын орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү:
-ХСҮТ болон М.Билэгтийн харьяалал бүхий Энермэд ХХК-ийн хооронд эмнэлгийн байр түрээслэх холбоотой асуудал дээр хуулийн дагуу шийдвэр гарч, асуудал шийдэгдсэн. Гэтэл М.Билэгт Хөгжлийн банкны зээлийнх нь асуудал сөхөгдөж буй энэ үед уг асуудалд өмчөө хамгаалсан төрийн байгууллагуудыг буруутган дахин маргаан дэгдээж байна.
Иргэн М.Билэгтийн хэлж буйгаар эмнэлгийн барилгыг Хавдрын эмнэлэгт түрээслэн, түрээсийн төлбөрөөс Хөгжлийн банкны зээлийг нь эргэн төлөх байжээ. Харин түрээсийн гэрээ хийгдээгүй шалтгаанаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ХСҮТ-д өгсөн чиглэл бүхий албан бичгээс болсон гэж үзэн, дахин маргаан дэгдээж байна. Улмаар Хөгжлийн банкнаас авсан өөрийн зээлийн төлөлтийн хугацаа хожимдуулсан зөрчил нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн Хөгжлийн банк, Монгол банканд тайлбар хийж, хохирлоо ХСҮТ-өөр төлүүлэхийг хүсэж байгаа аж.
Тус асуудлыг ХСҮТ эрс эсэргүүцэж байна. М.Билэгт ХСҮТ-тэй гэрээ байгуулж чадаагүй нь аль нэг байгууллагын албан бичгээс болоогүй. Харин УИХ-ын гишүүн байх үедээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой хууль журмыг зөрчин хавдрын тусламж үйлчилгээ явуулах шаардлага хангаагүй хувийн эмнэлгээ ХСҮТ-д түрээслэх гэрээ байгуулан, жилд таван тэрбум төгрөгийг түрээс болон бусад зардалд төлүүлэн авч улмаар хувийн эмнэлгийн дутуу хэсгүүдээ улсын хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийлгэх санаа нь ХСҮТ-д нийцээгүйгээс болсон. Тиймээс ХСҮТ хууль зөрчин гэрээ хийхгүй гэдэг дээр санал нэгдсэн байдаг.
Энэ мэт хууль бус шуналын сэдэлтэй үйл ажиллагаагаар эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд үргэлж саад болох, цаашид санхүүгийн эрсдэлээ өөрөө дааж шударга бизнес эрхлэх ёстой гэж үзэж байна. Төрийн байгууллагаас санхүүжин амьдарч өр төлбөрөө хаацайлах гэсэн санаа бүтэхгүй гэдгийн анхааруулж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.