Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд 75 гишүүнээс 71 гишүүн иржээ. Чуулган 94,7 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэллээ.
Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан учраас ёс зүйн хувьд хуралдааныг удирдах эрхгүй гэж нэр бүхий 34 гишүүн үзсэн билээ.
Тиймээс өнөөдрийн чуулганыг дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж эхэлсэн ч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан нарын гишүүд санал гаргаж, мөн л Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулахгүй. Дэд дарга Я.Санжмятаваар удирдуулья, санал хураалт явуулья гэсэн саналыг гаргалаа.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мөн үг хэллээ. Тэрбээр: Хоёр дэд дарга хоёулаа адил тэнцүү эрхтэй. Хэн нь ч удирдсан хамаа алга. Хууль зөрчөөгүй бол ямар хамаа байна. Манай Ардчилсан намын бүлгийн зүгээс Засгийн газрыг огцруулах кноп дарах шийдэлд хүрсэн гэв.
Мөн нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулах үндэслэл болсон ЖДҮХС-аас зээл авч, нэр холбогдсон кабинетийн сайдууд сууж байна. Тэд өөрсдийгөө огцруулах эсэх санал хураалтад оролцож болохгүй. Өөрсдийгөө огцруулахгүй гэж кноп дарах нь өөрөө зарчмын хувьд алдаатай шийдвэр гарахад нөлөөлнө. Эдгээр сайдуудыг санал хураалтад оролцуулж болохгүй гэсэн саналыг гаргасан юм.
Хуралдаан даргалагч УИХ-ын тамгын газраас хуулийн заалтад ямар зохицуулалт байгаа талаар тайлбар хүссэн.
УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон: Тухайн гишүүн өөрийн болон гэр бүлийн гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэх нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн бол хурал даргалагчид өөрийн сайн дураараа мэдэгдэж, чуулганы хуралдааныг орхиж гарна гэсэн хуулийн заалттай.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Гишүүдийн зүгээс хурал даргалж буй надад ямар нэгэн гишүүн хүсэлт ирүүлээгүй тул хуралдаан цаашаа үргэлжилнэ" гэлээ.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцууллаа. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж эхэллээ.