Монголын анхны Хүүхдийн төмөр зам дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хамгийн таатай үйлчилгээг үзүүлэхээр үүд хаалгаа нээж байна.
Хүүхдийн төмөр зам-Сургалтын төвийн танилцуулга, үйлчилгээ, үнийн тариф, галт тэрэгний цагийн хуваарь зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг 86125522 утсаар холбогдон аваарай.
Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН 2020 онд Монгол Улсад анх удаа хүүхдийн төмөр зам байгуулах санаачилга гаргаж Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж байсан юм. Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд эхлүүлсэн уг ажлыг тус хотын 60 жилийн ойн өмнөхөн дуусгасан юм.
Хүүхдийн төмөр зам нь нийтдээ 2.3 км урттай, 750 мм-ийн нарийн царигийн төмөр зам, монгол гэрийг бэлгэдэн бүтээсэн өртөөний барилга, зэхэлт засвар үйлчилгээ хийх депогийн барилга, Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн өртөө бүхий зогсоолтой, автомат хаалт дохиолол бүхий 6 явган хүний гарам, автомашины гар хаалттай нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний бүрэн хангамжтай иж бүрэн төмөр зам юм. Энд хүүхэд багачуудад төмөр замаар үйлчилж, галт тэргээр аялуулахаас гадна ирээдүйн төмөр замчдад төмөр замын анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийг байгуулснаараа онцлог юм.
Хүүхдийн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хувьд ОХУ-ын Камбарскийн заводад захиалгаар үйлдвэрлэсэн 230 морины хүчтэй ТУ-10 маркийн зүтгүүр, 34 хүний суудалтай ВП 750 маркийн зорчигчийн хоёр вагонтой юм.
Эх сурвалж: ЗТХЯ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.