Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлын явц болон цахилгаан автомашин цэнэглэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Дэлхийн бусад улсад цахилгаан автомашиныг хэрэглээг дэмжих шийдвэрийг хэрэгжүүлдгийн адил Монгол улс олон улсын жишигт нийцүүлж ажиллах ёстой.
Манай улсын хэмжээнд 492 цахилгаан автомашин байна. Нийт 1.2 сая байгаагийн 662 мянга нь нийслэлд байгаа юм. Энэ тоотой харьцуулахад цахилгаан машины тоо харьцангуй бага байгаа учир Засгийн газраас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Нийт автомашины 20-30 хувь нь цахилгаан машин болоход хэрэглээ 15-20 мВт-аар нэмэгдэнэ. Энийг оргил ачааллийн цагаас бусад цагт эрчим хүчний хэрэглээний тарифаар цэнэглэх боломжтой гэж үзсэн. Өнөөдөр суурин найман станц бий болсон байна. Харин 300 төгрөгөөр 1 Квт цагийг нь үнэлж цэнэглэвэл 100 километр зам туулахад 5850 төгрөг зарцуулах юм.
Харин АИ92 шатахууны үнээр тооцвол 2-3 литр шатахууныг 100 километрт зарцуулж байгаатай ижилхэн.
1 кВт-ыг 1000 төгрөгөөр борлуулж буй газрынхаар тооцвол 100 км-т 16 мянган төгрөг зарцуулахаар байна. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулна. Мөн иргэдийн амьжиргаанд ч эерэг нөлөөтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд нөлөөлөлд автсан иргэд байгаа. Эрчим хүчний хэрэглээ өссөн үед усан цахилгаан станцыг оруулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Мөн бусад УЦС-ын ажилд анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Тухайн усан сангийн газарт амьдарч байгаа 270 өрх байна. Үүний ард 1251 иргэн бий. Эдгээр иргэнд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж нөхөн олговор олгож байгаа. Олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцана. Биет бус соёл, үнэт өвийн үнэлгээг хийлгэхээр Засгийн газарт танилцуулсан.
Гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг Төр хариуцаж байгаа. Гэр хорооллын олон айл халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа учраас энэ төлбөр жилээс жилд өсөж байгаа болохоор өр, авлага бий гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.