Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ)-ийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ.
Тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрсөн эгч Э.Золзодмаа нь гүйцэтгэх захирлаар ажилладаг, Ж.Төгсбаяр гэх хүний нэр дээр байгуулсан “Түмэн наяд хайрхан” компанид давуу байдал бий болгож, дээрх зөвлөлд 94.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.
ХСУХАТАҮЗЗ-ийн даргыг Ерөнхий сайд томилдог аж. Э.Пүрэвжавын хувьд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны 51 дүгээр захирамжаар уг албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа уг хэргийг өдүүлсэн аж.
Тодруулбал, иргэн Ж.Төгсбаярын нэр дээр 2016 оны тавдугаар сарын 20-нд байгуулсан, Э.Золзодмаа гүйцэтгэх захиралтай компанитай 2016 оны зургадугаар сард нэг жилийн хугацаатай сарын дөрвөн сая төгрөгөөр талбай түрээслэх гэрээ байгуулж, “Union building” барилгад 300 ам метр ажлын байр түрээсэлжээ. Гэвч түүнийгээ цааш нь дамжуулан 7.5 сая түрээслэх давхар гэрээ байгуулж, 2017 оны гуравдугаар сард төлбөрийг нь бүрэн шилжүүлэн 94.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдаж буй. Уг нь түрээслэгч байгууллагатай гэрээ хийхдээ “Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдан болон түрээслүүлэхийг хориглоно” гэсэн заалт оруулсан ч Ж.Төгсбаяр, Э.Золзодмаа нар зөрчсөн гэдэг.
Уг нь энэ хэргийг өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүгч С.Оюунчимэг хэргийг прокурорын хяналтад буцаасан байдаг. Шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг дуусгаад прокурорын байгууллангаас ХСУХАТАҮЗЗ-ийн дарга асан Э.Пүрэвжав, түүний эгч Э.Золзодмаа, иргэн Ж.Төгсбаяр нарт Эрүүгийн хуулийн 17.4-т заасан эд хөрөнгө завших, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.