Би түүнийг эчнээ таньдаг юм. Тэр бидний сэтгэхүйг өөрчлөх даалгавартай ирсэн ч байж мэднэ. Эх дэлхий, хүний амьдралын орших эс оршихуйн зааг хаана вэ, гэгээн сайхан зүйл юув, сайхныг сайхан болгодог, яруу тансагийг бүтээгч нь хэн бэ гэдгийг сануулахаар ирсэн ч юм шиг. Эсвэл ахуй гэгчийн агуулга ямархан үзэл санаагаар дүүрдэг, тэр үзэл санаагаар жигүүрлэж хэр хол нисч болдгийг гайхуулахаар амьдарч буй шиг. Ингэж бодох
шалтгаан бас бий. Монголын зохиолчдын эвлэлийн болон М.Цэрэндоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн гэх эрхмийн алдрыг сонсоогүй хүн байхгүй биз. Түүний “Америк газар” гэх шүлэгт нэг ийм мөр байдаг. Тэнд... Өвс ногоо нь ширэлдэн ургана Ой мод нь ширэнглэн багширна Тэнд... Чулуу шидсэн ч ургахаар Чухам шимтэй газар юм хэмээсэн байдаг. Хүн
төрөлхтний эрх чөлөөг хамгийн гайхамшигтайгаар хангагч Америкийн талаар сайн муу сайхан муухайг нь зэрэгцүүлсэн уг шүлэгт багтах дээрх мөр, бадаг надад тун ч таалагддаг. Энэ мэт байгаль дэлхийн гоо сайхныг биширсэн, хайрласан, түүний өмнөөс өр зүрхээ өмрүүлсэн бүтээл Л.Мягмарсүрэн найрагчид олон. Ийм гэрэлт шүлэгээр “цадаж” өссөн түүнийг Мягмарсүрэнгийн Бүжинлхам гэдэг. Түүнийг “Сэтгүүлч” буландаа онцолж байна.
“Сэтгүүлчид дан ганц мэдээ бичиж түүнийхээ араас хөлөө эвэрштэл явдаг хүмүүс биш юм. Ингэж ойлговол өрөөсгөл. Нийгмийг сайн сайханд уриалах, бурууг засахыг сануулах, муйхар үйлдлийг илчлэх үүрэгтэй. Сэтгүүлч гэдэг иргэдийн сэтгэл зүйг эмчлэгч. Хандлагыг зүгшрүүлэгчид юм. Ингэж ойлгодог учраас эх дэлхийг хайрлах үйл хэрэгт иргэдээ уриалах ажил хийж байна” хэмээсэн.
М.Бүжинлхам сэтгүүлч өдгөө “Хоггүй Монгол” ТББын тэргүүн, “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг санаачлагч юм. Монгол иргэн бүрийг сайн сайханд уриалагч түүнтэй ярилцлаа.
-ТВ-9 болон ETV телевизийн мэдээний албаны сэтгүүлч өдгөө “Хоггүй Монгол болъё” хэмээн уриалсаар нэлээд хэдэн жил болчихлоо. Энэ ажлыг хэзээнээс эхлэв?
-Тухайн үед би ETV телевизэд ажилладаг байлаа. Ингэж ажиллаж байхдаа нэгэн гаднын төсөл дээр оролцох боломж олдсон. Төслийн шугамаар гадагшаа явж суралцах ч боломж нээгдсэн. Энэ ажлын хүрээнд Английн колони байсан Фижи гэж арал руу явсан. Тэнд япон, солонгос оюутнууд их суралцдаг юм билээ. Монголоос гурван оюутан байсан. Тэнд суралцах хугацаандаа япон оюутнуудаас үлгэр авч суралцах маш их зүйл байгааг харсан. Өөрөө ч тэднээс суралцсан. Оюутных нь өрөө нь маш жижигхэн байхад япон залуус ерөөсөө хогоо хаядаггүй байсан. Би энэ байдлыг нь эхэндээ их гайхна. Яасан замбараагүй, бохир суудаг юм бэ гэж. “Хогоо хая, өрөөгөө цэвэрлэ л дээ” гэж ч хэлж үзсэн. Тэд харин юу ч дуугарахгүй, инээгээд л гараад явчихдаг байсан. Ямар сонин юм бэ гэж их гайхсан. Тэд зургаан сар ч юм уу нэг жил сураад явахдаа өөрсдийн бүх эдэлж хэрэглэж байсан зүйлээ дараагийн япон оюутандаа үлдээгээд явдаг болохыг анзаарсан. -Ямар учраас тэр юм бол? -Их сонин. Хэрэглэж байсан жижигхэн савангаа хүртэл үлдээдэг. Номын хавчуурга, шампунь, угаалгын нунтаг гэх мэтийг дараагийнхаа хүнд хүлээлгэж өгөөд явдаг. Эхэндээ манай монголчууд тэднийг хараад “Ямар нарийн хүмүүс вэ, ганц угаалгын нунтаг авч чадахгүй” гэж гайхдаг байсан. Гэтэл би тэр хүмүүс яагаад тийм арвич, хямгач байсныг монголдоо ирээд ойлгосон. Хогоо ангилаж ялгадаг уламжлалаар хүмүүжчихсэн японууд хогоо хаяхгүй байх ёстой гэсэн сэтгэлгээнээсээ салж чадахгүй байжээ. Яагаад гэвэл Фижи арал яг манайх шиг хуванцараа л ялгадаг. Бусад хог хаягдал нь нэг цэг дээрээ очдог байсан учраас япон оюутнууд дахиваруудаа яаж хаяахаа мэдэхгүй хадгалдаг байж л дээ.
-Хог ангилах санаагаа япон оюутнуудаас авчээ?
-Монголдоо ирээд хоёр дахь хүүхдээ гаргасан учраас гэртээ суусан. Ингэж гэртээ сууж байх хугацаандаа өөрийнхөө гэр бүлийн хэрэгцээнээс гарч байгаа хогийг харсан. Тэгээд нэлээд эмзэглэсэн. Ганцхан айлаас л ийм их хэмжээний хог гарч байна. Тэгэхээр нийслэл, аймаг, сум бүрт амьдарч байгаа айл өрхөөс хэр хэмжээний дахивар гарч байгаа бол гээд бодсон. Бид ямар ч үйлдэл хийхгүйгээр энэ их хогийг ингээд л байгаль руугаа хаяж байна гэж бодсон. Ийм бодол бий болсон өдрөөс хойш ер сэтгэл тогтохгүй байсан. Тэгээд хог ангилж ялгадаг болъё гээд өөрөө өөртөө өөрчлөлт хийж эхэлсэн. Эхлээд гэрээсээ гарч байгаа хогоо ангиллаа. Хуванцар, гялгар уут, шил, лааз, ногоо, жимсний хальс, цаас гэх мэтээр нь ялгасан.
-Ялгасан хогоо хаана хаясан бэ?
-Энэ л асуудал байсан. Хаана, хэнд өгөхөө мэдэхгүй хэсэг хураасан. Ингээд илүү нарийн мэдлэг, мэдээлэл хайсан. Интернэтээс ойлгохгүй, чадахгүй, мэдэхгүй байгаа зүйлдээ хариулт олсон. Ингээд манай улсад хог дахин боловсруулах 26 үйлдвэр байдаг гэдгийг мэдсэн. Энэ 26 үйлдвэр дээрх хогуудыг дахин боловсруулж чадаж байна. Харин нэг асуудал нь тээвэрлэлтийн менежмент сайжраагүй юм билээ. Гэхдээ энэ чиглэлд нийслэлээс тодорхой ажил хийхээр эхлүүлж байгаа гэсэн. Энэ бол сайн хэрэг. Одоо манай хүүхдүүд ахуйн хогоо бүгдийг нь ялгадаг болсон. Дахивар авах цэгүүдэд тушаадаг болсон. Үүнд би хэзээ ч ичиж, эмзэглэдэггүй. Миний хүү ирээдүйн Монгол Улсын иргэн учраас хогоо хэрхэн ангилах, хаана тушаах вэ гэдгээ мэддэг байх ёстой. Хүүгээ ийм соёлд сургаж байна.
-Хог мөнгө болдгийг манайхан тэр бүр сайн мэдэхгүй болов уу?
-Хогоо тушаагаад эхлэхээр хэд хэдэн давуу тал бий болж байна. Нэгдүгээрт, мэдээж хогоо мөнгө болгож байна. Энэ нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Хоёрдугаарт, хэрэглээний сонголтуудаа зөв хийдэг болсон. Гэрээсээ аль болох хог гаргахгүйг бодно. Өөрөөр хэлбэл, хайрцаг, савыг нь харж бүтээгдэхүүн сонгодог болсон. Дахин боловсруулах боломжтой, дахивар авах цэгт тушааж болох савлагаатай бүтээгдэхүүн авдаг. Одоо бол манай тагтаар дүүрэн дахивар байна.
-Хамгийн сүүлд хэзээ дахивараа тушаав?
-Аравдугаар сарын 13-нд тушаасан.
-“Хоггүй Монгол болъё” гэснээс хойш ямар эерэг өөрчлөлт гарч байна вэ?
-Ганцхан өөрийгөө өөрчлөхөөс гадна хүмүүсийг өөрчлөхийг хүссэн. Ингээд яг нэг жилийн өмнөөс иргэдэд мэдээлэл өгч өөрийн цахим хуудас, нүүр номоороо дамжуулж сэтгүүлчийнхээ ажлыг хийж эхэлсэн. Ингээд гялгар уут, хуванцрын хор нөлөөний талаар мэргэжлийн хүмүүсээс яриа авсан. Тэр бичлэгээ өөрийн нүүр номоороо хүмүүст хүргэсэн ч нэг их тоогоогүй. Үзсэн хүмүүсийн тоо хангалтгүй байсан. Тэгэхээр нь айл бүр ус, сүү, айраг, тараг хийдэг өнөөх хуванцар шар, цэнхэр савны талаарх мэдээллийг НЭМҮТ-ийнхнөөс лавласан. Ингээд интернэтээс олж авсан мэдээллээ албаны эх сурвалжийн мэдээлэлтэй нэгтгэж байгаад хуванцар саваа
бариад дахин мэдээлэл өгсөн. Ингэхдээ фэйсбүүк хуудсаа л ашигласан. Харин энэ бичлэг, мэдээлэл хүмүүст сайн хүрсэн. Иргэд ч сонирхсон. Сэтгүүлч мэргэжлийнхээ ачаар албаны үг хэллэгийг энгийн болгосон, олсон баримт, мэдээллээ боловсруулаад олон нийтэд энгийн, ойлгомжтой байдлаар хүргэсэн.
-Залууст хэр нөлөөлж байна вэ?
-Ерөнхий боловсролын 10-аад сургуулийн сурагчдад, МХАҮТ-тай хамтраад оюутнуудад, “Капитрон” банкныхантай хамтраад Өмнөговь аймгийн 9 сумын иргэдэд, Орхон аймгийн залууст аян хүрсэн. Ингэхдээ “Жорлонгоо өөрчилье”, хог хаягдлыг ялган ангилахын ач тус, хогийг хэрхэн дахин боловсруулж болох вэ зэрэг асуудлаар хичээл орж сургалт явууллаа. Гялгар уут, хуванцрын хор нөлөө юу юм, ангилахын ач тус нь юу вэ гэдгийг ярьсан. Хүн хэлэхээс нааш гэж үг бий. Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж бодвол хором мөч бүрт хог хаяж байна. Энэ цэнхэр гариг хогонд живж байна. Энэ их хогноос болж бидний ирээдүй хордож, эрүүл мэнд, амьдрах чадвар доройтож байна. Байгаль дэлхий, булаг шанд хэрхэн бидний нүдний өмнө доройтож байгааг бид харж байгаа. Гэтэл манай монголчууд хогоо хогийн саванд хаях ёстой гэдгийг л яриад байх юм. Хог гаргахгүй амьдрах, хогоо хогийн саванд хаях хоёрын хооронд маш том ялгаа бий.
-Ингэхэд та чинь жүжигчин мэргэжилтэй юм билээ. Тайзан дээр байх ёстой хүн үзэг бариад үнэнийг хайхаар шийдсэн түүх нь сонин байна?
-Би СУИС-ийг 2002 онд жүжигчний мэргэжлээр төгссөн. Төгссөн жилээ хөл хүнд болж хүүхдээ төрүүлсэн. Ингээд гурван жил гэртээ хүүхдээ харж суусан. Хүүхдээ харж суух хугацаандаа ном бичсэн. Миний аавыг монголын ард түмэн сайн танина. Зохиолч, яруу найрагч хүн учраас манай гэр маш баялаг номын сантай байсан. Том өрөөний нэг талын хана шалнаасаа тааз хүртэл ном байдаг байлаа. Хүүхэд байхаасаа л номны хажууд байсан учраас бичих сонирхолтой болдог юм шиг санагддаг. Ингээд хүүхдээ төрүүлчихээд гэртээ суух хугацаандаа сэтгэлгээний өгүүллэгээс бүрдсэн “Дотураас ану” гэж ном бичсэн юм. Ингээд яг гурван жил гэртээ суусны эцэст сонирхлоороо ажиллахыг хүссэн. Тийм боломж ч олдсон. Аав минь тухайн үед “ТВ-9” телевизийн захирал асан Ц.Энхбат руу ярьсан. Миний аавын найз юм. Ингээд аавын найз дээр номоо бариад очиж байснаа мартдаггүй. Ц.Энхбат захиралын өрөөний үүдэнд бараг гурван цаг сахиж сууж байгаад уулзаж байсан. Миний номыг хэсэг харж байснаа “За за, чи чинь жүжигчнээр төгссөн байж сэтгүүлчээр ажиллаж чадах юм уу. Чадна гэвэл ажилла” гэсэн. Тэр үгийг сонсохыг маш их хүсч очсон хэрнээ ажилла гээд боломж олгохоор өөрт жаахан итгэлгүй болох, өөрөө өөрийгөө голох, би чадахгүй бол яанаа гэсэн айдас төрдөг юм билээ. Сэтгүүлч байх, сэтгүүлзүйн мэдлэг, ойлголтгүй надад нэлээд зүрх алдах өдрүүд байсан.
-Номыг нь сонсоогүй хүнд хэцүү, шантрам байсан байх. Редакцийнхаа талаар яриач?
-Таньж мэдэхгүй салбарт намайг их хүчтэй, чадварлаг баг хүлээж авсан. Их урамшуулсан, чиглүүлсэн, итгэл хүлээлгэсэн. Мэдээний бүтцийг ойлгох, ямар хэмжээтэй байхыг хүртэл зааж өгсөн. Асуудлыг аль өнцгөөс нь хүмүүст хүргэвэл миний мэдээ илүү үр дүнтэй байх вэ, олсон баримт, мэдээллээ хэрхэн боловсруулах вэ, эх сурвалжаа хаанаас, яаж олох вэ гээд их олон зүйлийг заасан. Хэрхэн өөрийгөө дайчлах вэ, сонгосон сэдвийнхээ хүрээнд ямар хүмүүстэй уулзах, ямар үр дүнд хүрч болох вэ, өөрөө өөртэйгээ хэрхэн ажиллах вэ, цагийн зохион байгуулалтад хэрхэн өөрөө өөрийгөө дасгах вэ гэх мэт олон зүйл сургасан.
-Мэдээний албанд байхын давуу тал нь юу вэ?
-Танилын хүрээ тэлдэг. Гэхдээ би сэтгүүлч болж байх эхний хугацаандаа өөрт ойр сэдвүүдийг үзэгчдэд хүргэхийг зорьсон. Тэр нь соён гэгээрүүлэх, ном бүтээлийн талаарх, урлаг уран сайхны чиглэлийн мэдээ бэлтгэх байсан. Мөн хэзээ ч сэтгүүлчдийн сонирхож байгаагүй сэдвүүдийг хөндөхийг, ил болгохыг хичээдэг байлаа. Тухайлбал, Гандангийн эртний, ховор номын музей, шинжлэх ухааны академийнхан ховор сонин, булш, бунхан, олдворууд олжээ гэх мэт сэдэвтэй мэдээ бэлтгэх нь надад ойрхон санагддаг байсан. Энэ бол аавын минь нөлөө, тусгал юм. Миний мэдээний бүтэцийг сайжруулах тухайд манай телевизийн мэдээний албаны дарга нар, баг хамт олон минь тусалдаг байсан. Ингэж л телевизийн салбарт зургаан жил ажилласан. Эхэндээ нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудал ойлгодоггүй, тэр талаар мэдээ, сурвалжлага хийж чаддаггүй байсан бол жилийн хугацаанд ажлаа мэддэг, ойлгодог, эх сурвалжтайгаа холбогддог болоод ирсэн. Ингээд улс төр, эдийн засгийн тойм хийж эхэлсэн. Би телевизээр гардаг хүмүүсийг их мундаг гэж боддог байсан. Түүнээс хэчнээн олон хүний хүч, хөдөлмөр, цаг заваар бүтээл төрдгийг бодож байгаагүй. Одоо Eagle ТВ-д ажиллаж байгаа Б.Отгон гээд мундаг сэтгүүлч эгчийг онцлохгүй өнгөрч боломгүй. Залуу сэтгүүлчдэд ажиллах маш том боломж олгодог байсан. “Чи хий, чи чадахгүй бол хэн чадах юм бэ” гээд шууд эфирт гаргана. Олны өмнө гарах гэж байгаагаа мэдсэн хүн бол өөрийгөө маш сайн бэлтгэдэг юм билээ. Ингэж л түлхэж боломж олгодог сайн сэтгүүлчдийн буянаар сэтгүүлчийн дөртэй болсон.
М.Мөнхтунгалаг