Эль Сальвадорын гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчирхийлэл хэрээс хэтэрч, нэг өдрийн дотор 62 аллага бүртгэгдсэний дараа тус улсын Засгийн газар онц байдал зарлажээ.
Шинэ хууль дүрмийн дагуу, иргэдийг нэг дор олноороо цуглахыг хориглож, гэмт хэрэгтнүүдийг шүүхийн тогтоолгүйгээр баривчлан, харилцаа холбоог нь хянах боломжтой болсон байна. Тус улсад өнгөрөгч бямба гарагт хүн амины 62 хэрэг гарсан нь 1992 оны иргэний дайн дууссанаас хойш 24 цагийн дотор хамгийн их хүчирхийлэл бүртгэгдсэн тохиолдол болсон гэж цагдаа нар мэдэгджээ.
Улмаар орон нутгийн цагдаа нар Мара Салватруча бүлэглэлийн дөрвөн удирдагчийг хүний амины хэргээр баривчилсан бөгөөд үүнээс хэдхэн цагийн дараа Парламентын гишүүд яаралтай хуралдаж, 30 хоногийн хугацаатай онц байдал зарлахаар санал нэгдсэн байна.
2019 онд сонгогдохдоо зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж, аюулгүй байдлыг сайжруулах амлалт өгсөн Ерөнхийлөгч Наиб Букеле энэ шийдвэрийн талаар "Бид хүн амины гэмт хэргийн тоог бууруулахаар маш их хичээсэн ч энэ үзүүлэлт улам нэмэгдээд байна. Бид гудамжинд байгаа гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхийн хажуугаар илүү том дүр зургийг олж харж, хэн энэ бүхнийг санхүүжүүлж байгааг олж мэдэх ёстой" хэмээн тэмдэглэсэн юм.
Эрх баригчдын мэдээлснээр, Мара Салватруча болон Баррио-18 бүлэглэлүүд нь 70 мянга орчим гишүүнтэй бөгөөд хүн амины хэрэг, дээрэм тонуул, хар тамхины наймаа зэрэг өргөн хүрээний гэмт хэргийн үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр гэмт бүлгийн хүчирхийллийн улмаас мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард гурав хоногийн дотор 40 гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.