Төрийн ордонд өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдаж байна. Ерөнхий хяналтын сонсголын үеэр зарим холбогдох удирдах албан тушаалтнууд ирээгүйд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. УИХ-ын гишүүн, “ХҮН-ын дарга Т.Доржхандаас Хөгжлийн банкны нээлттэй сонсголын талаарх байр суурийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд:
-Хөгжлийн банкны нээлттэй сонсгол үр дүнтэй байх ёстой. Хууль, улс төр, ёс зүй, эдийн засгийн хариуцлагаа үүрэх ёстой гэж үзэж байна. Үүний тулд тодорхой мэдээлэл өгөх хүмүүсийг энэ хэлэлцүүлэгт оролцуулах хэрэгтэй. Эрх барьж буй намын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх ёстой. Өөрөө ирэхгүй юм бол ЕНБД Д.Амарбаясгалангаа оролцуулах ёстой. Улс төрийн хариуцлага тооцох гэж байгаа бол шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд нь ирэх шаардлагатай.
Энэ хэлэлцүүлэг болохоос шүүхийн танхим биш. Ардчилсан намын удирдлага байгаа бол тэрийг нь бас дууд. АН-ын үед Хөгжлийн банкнаас хамгийн их зээл гарсан байдаг. Хуулийн байгууллагын удирдлагуудыг дууд. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорыг дууд. Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан Х.Баттулга, “сахал” Д.Эрдэнбилэгийг дууд. Хамгийн их зээл авсан гэж нэр нь холбогдоод байгаа ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-аа хүндэтгээд ирэх ёстой. Өөрийн зөвлөх нь байсан Ц.Ууганбаяр гэдэг залууг ашиглаад хаясан, одоо танихгүй гээд ичихгүй хэлээд явж байх юм. Шударга баймаар байна. Хариуцлагыг том хулгайч нараас нь нэхэх авч чадахгүй юм бол энэ хэлэлцүүлэг ямар ч үр дүнгүй болно. Улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийг авчир гэж хэлээд байгаа юм. Энэ хоёр том нам чинь ээлжилж хулгай хийгээд эсвэл, хамтраад хулгай хийгээд байвал Монгол улс чинь яах юм бэ.
Хөдөлмөрийн үндэсний намын даргын хувьд УИХ-ын гишүүний хувьд энэ асуудалд хатуу байр суурьтай байгаа. Зээл авсан нөхдөөр зээлийг нь төлүүлэх ёстой, улсын төсвийн мөнгөөр төлүүлж болохгүй. Тухайн үед засаг барьж байсан Ерөнхий сайдууд, Сангийн сайдууд энэ хэлэлцүүлэгт орох ёстой. Хяналт шалгалтын түр хороог түргэн хугацаанд байгуулах шаардлагатай гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.