СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-29

Ө.Сувдаа: Шалгалтыг 7 ээлжээр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд явуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх 4-р сард зохион байгуулахаар төлөвлөж, бүртгэлийг 2022 оны 2-р сарын 17-ноос эхэлсэн. Энэхүү шалгалтын бүртгэлийн хугацаа энэ сарын 19-ний өдөр дуусч, улсын хэмжээнд нийт 7675 иргэн бүртгүүлжээ. Харин Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр 221 иргэн бүртгүүлсэн байна. Энэхүү шалгалт хэзээ болох, бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаагаас зарим тодруулгыг авлаа.

-Төрийн албаны шалгалтыг хэзээ, хэрхэн зохион байгуулах вэ? Шалгалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс уг шалгалтыг ирэх 4-р сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулна. Шалгалтыг 7 ээлжээр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд явуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

-Төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд тэнцсэн л бол төрийн албанд шууд ажиллах эрхтэй болж буй мэт ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Энэ талаар?

-Төрийн албаны тухай шинэчилсэн найруулга хууль 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албанд анх орох гэж буй иргэн төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг өгч байж төрийн албанд ордог болсон байгаа. Ерөнхий шалгалтын хувьд Төрийн албаны Зөвлөлөөс товыг тогтоож, нэгдсэн байдлаар улсын хэмжээнд зохион байгуулна. Одоогоор жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж байна. Харин тусгай шалгалтыг жилд хэдэн ч удаа зохион байгуулж болно. Гэхдээ хаана ямар орон тоо сул гарсан тухай бүрт зарлаад явж байгаа. Энэ шалгалтад ерөнхий шалгалт өгөөд тэнцсэн, нөөцөд бүртгэлтэй байгаа хэн ч хамрагдан оролцох эрх бүрэн нээлттэй байдаг.

-Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтуудын өмнө иргэдэд зориулсан сургалтуудыг цахимаар болон танхимаар зохион байгуулж байсан. Энэ удаа сургалт хийх үү?

-Сэлэнгэ аймгийн тухайд өмнөх шалгалтуудаас эхлэн монгол хэл бичгийн багш нарыг түшиглэн цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж ирсэн. Энэ удаа ч мөн цахим сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд бүртгүүлэгчийн гар утсанд сургалтын id код, нууц үгийг илгээхээр бэлтгэл ажлыг хангасан. Мөн цахим хуудсанд “Төрийн албаны шалгалтад хамтдаа бэлдье” цэсийг ажиллуулж, өдөр бүр 25-35 тестийг байршуулж байгаа. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс шалгалтад бэлтгэгчдэд зориулсан гарын авлагуудыг хангалттай бэлтгэж, цахим ном гарган үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг бүрдүүлж, цахим хуудсанд байршуулан гар утасны e-taz апплекейшнийг гаргасан байна.

-Ерөнхий шалгалтад хэдэн оноогоор тэнцэх. Нөөцөд хэрхэн бүртгүүлэх талаар тодруулж өгнө үү?

-Төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгуулна. Ерөнхий шалгалт ерөнхий мэдлэгийн шалгалт 55 асуулттай, 55 оноогоор үнэлнэ. Үүнд төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүйн мэдлэгийн 20, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засгийн мэдлэгт 20, мэдээллийн технологийн мэдлэгт 15 асуулт багтана.

Ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй болно. Дараагийн шалгалт Монгол хэл, бичгийн чадварыг 30 хүртэл оноогоор үнэлнэ. Монгол хэл, кирилл бичгийн чадварт 20, монгол хэл, үндэсний бичгийн чадварт 10 асуулт багтаж, 20 ба түүнээс дээш оноо авсан дараагийн шалгалтад орох эрх авна. Дараагийн шалгалт дүн шинжилгээ хийх чадварын шалгалт. Энд 15 хүртэл оноогоор үнэлнэ. 10-аас дээш оноо авсан иргэнийг энэхүү шалгалтад тэнцсэнд тооцно.

Шалгалт нийтдээ 2 цаг 10 минут үргэлжилнэ. Шалгалтад оролцож байгаа иргэд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж 15 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх ёстой. Ирэхдээ халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалт, бээлий, улавчтай ирэхийг анхааруулья.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.