Нэмэлт, өөрчлөлт оруулсан Гамшгаас хамгаалах тухай хууль 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нарын 2021 оны нэгдүгээр сарын 29-нд өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2021 оны аравдугаар сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Ингэснээр Онцгой байдлын алба хаагчдын цалин урамшуулал нэмэгдэх юм.
Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолын, төрийн тусгай алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлийг олгож байгаа хэдий ч аймгийн төвөөс алслагдсан нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөц багасах, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд буй.
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа болно.
Аймгийн төвөөс бусад 46 суманд ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа сайжирснаар ажлын байрандаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломж бүрдэнэ гэж үзсэн. Эдгээр өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.