Хөтөлийн "Цемент шохой" ХК-нд үүсээд буй асуудлаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, хуульч Ү.Амарбатаас тодрууллаа.
Хөгжлийн банкнаас Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр 8.1 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай 61 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэтэл Засгийн газраас үйлдвэрийг буцаан авсан тул Хөгжлийн банкны өрийг барагдуулах уу. Түүнчлэн нас барсан хүний өвийг төр булааж аваад байна гэх мэдээлэлд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, хуульч Ү.Амарбат дараах тайлбар мэдээллийг өглөө.
Хуульч Ү.Амарбат:
-Хөгжлийн банк нийт 61.3 сая ам.долларын зээлийг “Хөтөл” ХХК-нд олгосон. “Хөтөл” ХХК нь улс буцааж аваад байгаа Хөтөлийн “Цемент шохой” компани биш. Тэр нь энэ компанийнхаа охин компани буюу 1984 онд байгуулагдсан “Цемент шохой” ХК гэж хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. 2015 онд хувьчлагдсан.
Тэгэхээр Сэлэнгэ аймагт байршилтай улсын хөрөнгө орсон компани бол “Цемент шохой” ХК. Үүнийг хувьчилж аваад байгаа нь Баянгол дүүрэгт гурван өрөө орон сууцны хаяг дээр байрладаг “Хөтөл” ХХК.
Хөгжлийн банк 61.3 сая ам.долларыг “Хөтөл” ХХК-д өгсөн. Зорилго нь Хөтөлийн “Цемент шохой” гэх үйлдвэр дээр өргөтгөл хийх зорилгоор зээл авсан. Гэвч “Хөтөл” ХХК нь өмнө нь зээлтэй байсан учраас Худалдаа хөгжлийн банк руу 34 сая ам.доллар, Улаанбаатар хотын банк руу 5 сая ам.долларыг хийж, зээлээ хаасан.
Шууд утгаараа улсын “Цемент шохой” ХК Хөгжлийн банканд өргүй. Харин Хөгжлийн банкнаас авсан зээлийн тодорхой хувийг “Хөтөл” ХХК, “Цемент шохой” үйлдвэр дээр бүтээн байгуулалт хийсэн гэж ойлгохоор байгаа юм.
“Цемент шохой” ХК 2014 онд 19 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 2015 онд 60-70 тэрбум төгрөгийн орлоготой байж. Сүүлийн жилүүдэд жилдээ 100 тэрбум төгрөгийн орлого олж байсан. Тэгсэн хэрнээ Хөгжлийн банкны өр төлөгдөөгүй. Энэ мөнгө хаачсан бэ гэхээр “Хөтөл” ХХК руу орсон гэсэн үг.
Төр бол хувийн компани болох “Хөтөл” ХХК-ийг хувьчилж аваагүй. Харин “Цемент шохой” гэх улсын мэдлийн өмчөө буцаан авсан. Хувьчлал нь хууль бус байсан учраас буцааж авсан.
Төр хувийн өмчийг булаалаа гэх зүйл иргэдэд ойлгуулаад байгаа. Хувийн өмч нь “Хөтөл” ХХК байтал тус компанийг авчихсан юм шиг иргэдэд ойлгуулж байна. Иргэдийн хувьд Хөтөл суманд байдаг "Цемент шохой" үйлдвэр гэдгээр нь Хөтөлийн "Цемент шохой" гэж нэрлэдэг.
Тэгтэл “Хөтөл” ХХК эзэнгүй болчихсон. Тус компанийн эзэн нь М.Бөх-Очир, гэхдээ жинхэнэ эзэн нар нь “сахал” Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нар гэж үзээд байгаа. М.Бөх-Очир гэдэг хүн эдгээр хүмүүсийн гар хөл болоод ажиллаж байсан чинь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барчихсан.
Ингээд тухай иргэн нас барсан тул Монгол Улсын иргэний хуулийн 528.1 дээр өвлүүлэгчийг нас барахад хамт амьдарч байсан өвлөгч өв хөрөнгийг өмчилж авна гэж заасан байдаг. Энэ дагуу М.Бөх-Очир нас барахад эхнэр Ч.Чимэг, бага хүү Б.Төгөлдөр нар хаяг дээр нь байсан байгаа юм.
Нас барсан хүнийг нас барсан өдрөөс 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан бичиг гаргаагүй бол автоматаар өв хүлээж авдаг.
Гэтэл Ч.Чимэг, Б.Төгөлдөр нар нь “2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан М.Бөх-Очирын өмчлөлийн 100 хувийн хувьцааг Ч.Чимэг, Төгөлдөр нар өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан” байгаа юм.
Ингээд тухайн өвийн эрх М.Бөх-Очирын охин Б.Хулан, хүү Б.Тулга нарт ирж байгаа юм. Дээрх хоёр хүүхэд нь аавыгаа нас барсан өдрөөс хойш нэг жилийн дотор өв авах хүсэлтээ гаргах ёстой. Хуулийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 15-наас өмнө би аавынхаа өвийг авна хэмээн өргөдөл гаргасан бол шууд тэр өвийнхөө эзэд нь болох боломжтой. Гэтэл нэг ч өргөдөл гаргаагүй.
Хөгжлийн банк зээлээ авахын тулд 2019 оны 10 дугаар сарын 24-нд Б.Хулан, Б.Төгөлдөр хоёрт хандан өв залгамжлах эрх гаргах хүсэлт явуулна уу хэмээн хүсэлт явуулсан байдаг. Миний өвийг өгөөгүй гээд байгаа Б.Тулга 2019 оны 10 дугаар сарын 25-нд уг хүсэлттэй танилцан гарын үсгээ зурсан байгааг харж болно. Энэ хүн жилийн дотор өв авахаа мэдэж байсан ч хуулийн байгууллагад хандаагүй. Тэгэхээр төр үүнд саад учруулсан зүйл байхгүй гэдгийг энэ нотолгоо харуулж байгаа юм. Үнэхээр Б.Тулга уг өвөө авахад нь хэн нэгэн саад болж байсан бол шүүхэд хандах эрхтэй байсан.
Тэгэхээр цаад утга нь Хөгжлийн банканд зээлээ төлөхгүйн тулд эзэнгүй компани байлгаж байсан. Яалтгүй ч үгүй бүх үйлдэл нь хууль бус учраас одоо өрөвдүүлэх тактик руу орж “Төр хувийн өмчид халдлаа” гэх зэргээр тодорхойгүй зүйл яриад байгаа юм.
Өөрсдөө Хөгжлийн банкны өрийг төлөхгүйн тул башир арга хэрэглээд “Хөтөл” ХХК-ийг албаар эзэнгүйдүүлсэн. Хууль бусаар өмчилж авсан “Цемент шохой” ХК-ийг өөрсдийнхөө мэдэлд үлдээгээд Хөгжлийн банкны 61.3 сая ам.доллар буюу 305 тэрбум төгрөгийг төлөхгүй гүрийж байгаа үйлдэл. Төр бусдын эзэмшлийг булаагаагүй.
-Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг төр өөрийн эзэмшилдээ авахын тулд шүүхийн шийдвэр гаргуулах ёстой байсан гэх зүйл яригдаж байгаа?
-Засгийн газраас 2015 онд “Цемент шохой” ХК хувьчлах шийдвэрийг гаргасан байдаг. Хувьчлахдаа маш олон хууль зөрчсөн. Энэ үед “Хөтөл” ХХК хууль бусаар “Цемент шохой” үйлдвэрийг өөрийн болгосон. “Цемент шохой” ХК-ийн хувьцааг “Хөтөл” ХХК 1.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Гэрээнд заасны дагуу төрд нэг сарын дотор 1.3 тэрбум төгрөгөө өгөх ёстой. Гэтэл 6-7 сарын турш цувуулж өгсөн. Энэ мэт алдаатай шийдвэрийг Засгийн газар долоон жилийн өмнө нь гаргасан байснаа засаж, төр өөрийн өмчөө эргүүлэн авсан юм.
Засгийн газрын буруутай шийдвэрийг хоёр янзаар засаж болдог. Засгийн газар өөрөө буруу шийдвэр гаргасан гэж үзвэл. Өөр этгээд Засгийн газрыг буруу шийдвэр гаргасан байна гэж үзвэл шүүхэд өгч болно. Шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгоно. Энэ асуудал бол Засгийн газар өөрийнхөө шийдвэрийг буруу гэж үзэн буруутай шийдвэрээ зассан хэрэг гэж ойлгож болно.
Үйлдвэрээ өгөхгүй гээд байгаа тал нь шүүхэд хандаж болно.
-Одоо тэгвэл Хөгжлийн банкны өр болох 350 тэрбум төгрөгийг хэрхэн яаж эргэн төлөгдөх бол?
-Хөгжлийн банкны зээл “Цемент шохой” үйлдвэр лүү бүтээн байгуулалт хэлбэрээр орсон эсэхэд эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүгийн ажиллагаагаар мөнгө хаачив гэдгийг нягтлах хэрэгтэй. Үүнийг дүгнэхэд эрт байна. “Цемент шохой” үйлдвэрийн даргын мэдээллээр нэг ширхэг ч материал байхгүй байна гэж мэдээлсэн. Цаасан материалаа үзэхээр мөнгө хаачив гэдэг хариултын араас мөрдөх байх. Хөгжлийн банк уг зээлийг авахын тулд туйлын хүнд нөхцөлд ажиллах ёстой болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.