ОХУ Украиныг Умард болон Өмнөд Солонгос шиг хуваахыг зорьж байж магадгүй гэж Украины эрх баригчид таамаглаж байна.
Тус улсын Батлан хамгаалахын тагнуулын албаны дарга Кирило Будановын мэдээлснээр, Ерөнхийлөгч Владимир Путин "Киевийг эзлэн авч, Украины Засгийн газрыг огцруулж чадахгүй байгаа" тул ийм арга барил хэрэглэж магадгүй аж.
Тэрээр "Путин манай улсын эзлэгдсэн болон эзлэгдээгүй бүс нутгийн хооронд тусгаарлах шугам тогтоох гэж оролдож магадгүй гэж үзэх үндэслэл бий. Тэр Украинд Өмнөд ба Умард Солонгосыг байгуулах гэж оролдох болно" хэмээн тэмдэглэжээ.
ОХУ-ын цэргийн хүчин бүтэн сар гаруйн турш түрэмгийлэхдээ орон нутгийн эсэргүүцлийг таслан зогсоож чадаагүй тул анхны зорилгоосоо буцаж, оронд нь Украины зүүн хэсэгт анхаарлаа хандуулж болзошгүйг олон улсын тагнуулын албаныхан онцолсон билээ. Ингэснээр Оросын тал өөрсдийн эрх мэдэлд оруулсан нутаг дэвсгэрээ ашиглан хэлэлцээр хийх боломжтой болох юм.
Буданов энэ талаар "Түрэмгийлэгчид тусгаар тогтносон Украины оронд өөр улс байгуулахыг хичээх болно. Тэд эзлэгдсэн хэсгүүдэд "зэрэгцээ" засаг захиргаа байгуулж, ард иргэдийг Украины мөнгөн тэмдэгтээс татгалзахыг шаардах гэж оролдож буйг бид одоо ч харж байна" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.