“Хөтөл цемент шохой” ХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар мэдээлэл хийлээ.
“Хөтөл цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар:
-Төрийн өмчийг луйвардаж авсан дээрэмчид хувийн хэвшилд, нас барсан хүний хөрөнгийг төр булааж авах гээд буй мэт худал мэдээлэл тарааж байна. Бүх зүйлийг баримттай ярьж, үнэн зөв мэдээлэл өгч байна.
Энэ үйлдвэрийн хувьчлал цэвэр луйвар байсан. Мафийн санхүүгийн схем зурж байгаад хийсэн бүлэг дээрэмчдийн үйлдэл. Баялагтаа эзэн Монголынхоо төлөө төр өмчөө буцаан авч байна.
Дээрмийн үйл явц 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр эхэлсэн. 2011 онд Барилга хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга, Төрийн өмчийн хорооны Д.Сугар нар Хөтөлийн цемент шохойн хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Х.Баттулгын зөвлөх, Хөгжлийн банканд 120 тэрбумын өртэй "Нью Яармаг хаус прожект"-ийн эзэн Ц.Ууганбаяр багтсан байсан. Улмаар “Хөтөл цемент шохой” үйлдвэрийг хөрөнгө оруулалт хийх тушаалыг Х.Баттулга гаргасан. Ажлын хэсэг 24 цагийн дотор томилогдоод, “Бейзмент” гэдэг ганц ч цаасны орлогогүй компанийг шалгаруулсан байдаг.
Ингэхдээ нөхцөл нь арван жилийн хугацаатай, хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийгээд, “Хөтөл цемент шохой” үйлдвэрээс нэг ч хувьцаа эзэмшилгүйгээр буцааж өгөх үндсэн нөхцөлтэй сонгон шалгаруулах байсан. 24 цагийн дотор олон улсын есөн компанитай өрсөлдөхөд ганцхан “Бейзмент” ХХК нь үндэсний хөрөнгө оруулагч байсан учир үндэсний компаниа сонголоо гэдэг ганц үндэслэлээр сонгосон байдаг. Санхүү, техникийн чадамж хэр вэ, эзэн нь хэн бэ, оруулах хөрөнгө оруулалт нь хаанаас гарах талаар асуусан протокол байхгүй.
“Бейзмент” ХХК-ийг сонгосноос дөрөв хоногийн дотор гэрээ хийсэн. Гэрээ хийснээс хойш өөрийн хөрөнгөөр тус үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх ёстой атал Хөгжлийн банкнаас 61 сая 265 мянган ам.долларын зээл авсан. "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг хүний эзэмшдэг хоёр банк руу тус мөнгөний 40 сая ам.доллар нь явсан. ХХБ руу 34 сая ам.доллар, УБ банк руу зургаан сая ам.доллар шилжсэн. Энэ мөнгө угаалт хашаа явсан бэ гэдгийг АТГ шалгаж байгаа.
Улмаар УИХ-ын дарга асан З.Энхболд 2015 оны 7 дугаар сарын 3-нд тогтоол батлуулсан. Энэ тогтоолоор 2015-2016 онд хувьчлах төрийн өмчийн компаниудын чиглэлийг баталсан. Энэ чиглэлийн хавсралтын 4/17 дээр “Хөтөл цемент шохой” үйлдвэрийг хөрөнгө оруулагчид нь хувьчил гэдэг УИХ-ын хууль зөрчсөн тогтоолыг батлуулсан байдаг.
Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, одоогийн ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж 1.3 тэрбум төгрөгөөр “Хөтөл цемент шохой” үйлдвэрийг 50 сая тонн нөөцтэй нь, Хөтөлийн дэд бүтэц, дулааны цахилгаан станцыг үнэгүйдүүлж, “Бейзмент” нэрийг “Хөтөл” ХК-нд өгсөн. Энэ бол ард түмний баялгийг авахын тулд бүлэг хулгай дээрэм явсан нь харагдаж байна.
М.Бөх-Очир бол хөрөнгө оруулах хэмжээний чадалтай хүн байгаагүй. Энэ хүн бол Х.Баттулга болон "Сахал" Д.Эрдэнэбилэгийн компаниудад ажилтан байсан. Судлаад үзэхэд энэ хүн "Мах Импекс", Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Худалдаа хөгжлийн банк, "Бейзмент" компанид ажилтан байсан. М.Бөх-Очирыг нас барснаас хойш гурван сарын хугацаанд түүний нэр дээр байсан компанийг өв залгамжлах эрх авахаар хүсэлт гаргаагүй тохиолдолд улсын өмчид шилжих учиртай байсан. Гэтэл М.Бөх-Очир талийгаачийн эхнэр болон бага хүү нь өв залгамжлах эрхээсээ татгалзсан. Б.Тулгат нь иргэний хуулиар нэг жилийн дотор өв залгамжлах эрхийн хүсэлт өгөх ёстой байтал өгөөгүй. Энэ гэр бүл мафи, дээрэмчдийн хохирогч болж байна гэж бодож байна. Энэ хүмүүст ямар дарамт шахалт ирснийг мэдэхгүй байна.
Хөгжлийн банк 300 гаруй тэрбум төгрөгийн өрөө нэхэхээр өмчгүй, эзэнгүй компани учраас гацаах зорилгоор өмчилж аваагүй байдаг.
Төр хувийн өмчийг хурааж авч байгаа зүйл биш ээ. Бизнес болон хулгай, луйврыг ялгая. Энэ бол бизнес биш мафи, луйвар гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.