Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замд өчигдөр /2022.03.27/ осол гарчээ. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд сэлгээний ажлын үед 33 хоосон чингэлгийг түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарч, хажуу тийш унажээ. ЗТХЯ-наас уг асуудлаар дараах мэдээллийг өглөө.
ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд
-Тавантолгой өртөөнөөс депогийн зам руу аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан нэг галт тэрэг замаас гарсан байна. Яг одоо холбогдох байгууллагын хамтарсан ажлын хэсгүүд газар дээр нь ажиллаж байгаа. Цахим орчинд тархаад буй зураг 2017 онд гарч байсан ослын зургуудыг байршуулсан байсан.
УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн:
-Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байгаад нэг вагоны хоёр тэргэнцэр өчигдөр орой замаас гарсан. Энэ бол ямар нэгэн осол биш, гологдол гарсан. Өчигдөр орой шуурхай ажлын хэсэг гарснаар сэргээн засварлах ажлуудыг зохион байгуулж байна. 14:00 цаг гэхэд хэвийн болно хэмээн мэдэгдсэн. Хохирлын хэмжээ одоогоор тогтоогдохгүй. Судалгааны явцад 14 хоногийн дараа ямар хохирол учирсныг мэдээлнэ.
Төмөр зам дээр гарч буй зөрчлүүдийг дутагдал, гологдол гэж ангилдаг. Сайдын баталсан тушаалаар сая гарсан зөрчил гологдлын ангилал дээр бүртгэгдэж байна. Хөдөлмөр хамгаалалттай холбоотой асуудал гараагүй гэлээ.
ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур
-Гуравдугаар сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас анхны гал тэргийг явуулсан. Өртөөний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Эхний галт тэрэг Толгойт өртөөнд амжилттай ирсэн. Эхний 22 вагоныг буулгасан бөгөөд амралтын өдөр таарсан учир үлдсэнийг нь бүрэн буулгахаар ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.