АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баярсайхан, Д.Гантөмөр, Х.Бат-Ялалт, Б.Отгон нар Хөгжлийн банк /ХБ/-ны асуудлаар мэдээлэл хийлээ.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Отгон:
-Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2,3 их наяд "Найдваргүй" ангилалд шилжсэн тул манай зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж, асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд яаралтай хэлэлцэж, арга хэмжээ авах, олон нийтийн өмнө ил тод байлгах хүсэлт өгсөн. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 73 зээлдэгчдийн 107,5 тэрбум төгрөгийн төлбөрийг эргэн төвлөрүүлснээс бусдаар дорвитой ажил хийсэнгүй.
Манай улсад өмчийн эсрэг гэмт хэрэг ямар түвшинд хүрснийг энэ байдал харуулж байна. Сангийн сайд, Ерөнхий аудитор нь хүртэл зээл авчээ. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудал удаашралтай байгаа нь шийдвэр гаргагчид өөрсдөө зээл авсан учраас өөрийгөө хамгаалж өдийг хүрч байна гэж бид үзэж байна. Манай зөвлөлөөс дөрвөн асуудлаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүлж байна.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Гантөмөр:
-2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22-ын 2-т "УИХ ХБ-ны эх үүсвэрээр санхүүжих төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй", 23-ын 2-т: "Засгийн газар ХБ-ны эх үүсвэрээр санхүүжих төсөл хөтөлбөрийг тусгайлан батлахгүй" гэсэн өөрчлөлт оруулж, гүйцэтгэх удирдлагуудыг өөрсдөө мэдэж томилдог болсон. 2016 онд ХБ-ыг шалгаж алдаа дутагдлыг илрүүлсэн мөртлөө "Нууцын зэрэглэл"-д оруулсан нь гэмт хэрэг хавтгайрахад нөлөөлсөн байна. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд, зээл олгоход хүргэсэн улс төрд нөлөө бүхий, хуулийг өөрчилж дордуулсан этгээдүүдийг нэгбүрчлэн илрүүлж шалгах ёстой.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн Х.Бат-Ялалт:
-Авлигатай тэмцэх бол манай зөвлөлийн хэдэн гишүүний ажил биш, бүх нийтийн үйл хэрэг. Хэрэг ялгаваргүйгээр шалгаж, ял шийтгэл оноож чаддаг хуулийн тогтолцоо эрүүлжих хэрэгтэй байгаа нь Хөгжлийн банкны хэргээс тодорхой харагдаж байна. Монгол улсын прокурорын байгууллагын тухай хууль дээр "НУУЦ" гэх үгийг буруу ойлгож байна. Хэргийг хэдэн жил ч шалгаж болдог болчихож. Прокурорын байгууллагын тухай хуулийн 8-ын 1-д "Хуулиар нууцлахаар тогтоосноос бусад асуудлаар гаргаж байгаа прокурорын шийдвэр ил тод байна", 8-ын 2-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд прокурор түүний зөвшөөрснөөр холбогдох албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрлэлтийн талаар олон нийт, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч болно" гэж байгаа.
Тэгэхээр мэдээллийг шаардаж авах эрхтэй гэсэн үг. Шалгалтын мэдээллийн хүрээ харилцан адилгүй байгааг бид буруутгаж байна. Жишээ нь, БШУ-ны сайдын хамаарал бүхий "Мон гима" ХХК, Сангийн сайдын хамаарал бүхий Чингис банкыг зарлахгүй байна.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баярсайхан:
-Сүүлийн үед "Үндэсний мөрдөх алба" байгуулна гэж нөлөө бүхий этгээдүүд ярих боллоо. Иргэдийг дасгаж байгаад ирэх жилийн төсөв хэлэлцэх үеэр энэ албаны зардал суугдаж магадгүй байна. Энэ албанд цагдаа, тагнуул, АТГ-ын мөрдөх албыг нийлүүлэх бололтой. Ингэвэл АТГ төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг газар л болж хувирах бололтой. Манай зөвлөлийн 15 хүн нэр хүлээсэн хүмүүс болох нь. Ийм шаардлага ч байхгүй. Монгол Улс АНУ-ыг дуурайх уу, хэнийг дуурайх вэ гэдгээ бодох хэрэгтэй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.