ОХУ газрын тос, байгалийн хийн экспортын төлбөрөө биткойноор хүлээж авах талаар хэлэлцэж байгааг Төрийн Думын Эрчим хүчний хорооны дарга Павел Завалный мэдэгджээ.
Түүний хэлснээр, тус улс нь эрчим хүчний экспортын төлбөрийн өөр арга замуудыг судалж байгаа ба "нөхөрсөг" орнууд криптовалют эсвэл үндэсний мөнгөн тэмдэгтээрээ төлбөр хийх боломжтой болж магадгүй аж. "Нөхөрсөг" орнуудын тоонд Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдээгүй БНХАУ, Турк зэрэг улс багтана гэж тэрээр тэмдэглэсэн байна.
Энэхүү алхам нь рублийн ханшийг өсгөх зорилготой гэж шинжээчид үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Владимир Путин мөн "нөхөрсөг бус" улс орнуудыг Оросын байгалийн хийг рублиэр худалдаж авахыг шаардахаа энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн билээ.
Хэдийгээр криптовалют нь ОХУ-д ашиг тустай байж магадгүй ч өндөр эрсдэлтэй гэдгийг олон улсын мэргэжилтнүүд онцолж байна. Үүний дээрээс, Оросын худалдааны томоохон түншүүдийн нэг бол Хятад улсад криптовалютын хэрэглээг хориглосон юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.