Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд /2022.03.25/ гарын үсэг зурав
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав. Уг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан болон Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцов.
“Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд их засварын ажил хийгдэх юм. Тус дотуур байр нь удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудан дээврээс ус алдаж, дотор гадна хананы шавар болон эмульс халцарч дулаан алдагддаг. Энэ нь 170 хүүхэд, багачууд болон 11 багш, ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд хүндрэл учруулж байгаа бөгөөд “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжсэнээр тус дотуур байранд амьдардаг хүүхэд багачууд болон багш ажилчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, цаашлаад сурч хүмүүжих нөхцөл бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд гадаад улсад суугаа Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 581 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 28 дахь төсөл болж байгаа бөгөөд батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 225,829 ам.доллар (643,500,000 төгрөг) юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.