УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.4-т туссан "Монгол мал-II" арга хэмжээний төлөвлөгөөг салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэлдээ дурдаад энэ төлөвлөгөөний дагуу 2020-2021 онд гүйцэтгэсэн ажлын талаар дурдлаа. Тухайлбал, аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаагаар дамжуулан зургаан аймагт 1.9 сая га орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг байгуулах, хил заагийг тодорхойлж газрын нэгдсэн мэдээллийн санд оруулж, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгуудад отрын нөөц нутгийг бий болгох ажлыг зохион байгуулав. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 2021 онд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 466 худаг, 189 гар худаг барьж байгуулан ашиглалтад оруулснаар 850.2 мянган га бэлчээр, 2708 малчин өрх, 1.5 сая толгой мал сүргийг усаар хангах боломжийг бүрдүүлсэн. Мал өвөлжилт 2020 онд хүндэрсэнтэй холбогдуулан зуншлага муу болсон 10 аймагт өвс, тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгө гаргуулав. Мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу өвс, тэжээл импортлох 26 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж 90.2 мянган тонн өвс, тэжээлийг импортлох ажлыг зохион байгуулав. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300.0 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон. Мөн “Мал аж ахуйн салбарын хаваржилтын хүндрэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 110 дугаар тогтоолын дагуу малчин өрх бүрт 100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан гэж байлаа.
Мөн тэрбээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц” төлөвлөгөөний хүрээнд малчдыг дэмжих гурван жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй 250.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж нийт 199.5 тэрбум төгрөгийн зээлийг 19.8 мянган малчин болон мал бүхий иргэдэд олгосон. Үүний үр дүнд малчдын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж, малын үүлдэр угсааг сайжруулах, хадлан тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бодитой өсөлтийг бий болгосон гэв.
Мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын тоо, сүргийн бүтцийг зохистой хэмжээнд барих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын тоо толгойн өөрчлөлт, орлого, зарлагыг тооцох сүргийн эргэлтийг программыг нэвтрүүлж, малчин өрх, баг, сум, аймаг, улсын хэмжээнд сүргийн эргэлтийн тооцооллыг хийж, ашиг шимийн үзүүлэлтийг тооцох боломжийг бүрдүүлээд байна. Малын нөхөн үйлдвэрлэлийг бүс нутгийн онцлог, шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засгийн зорилго, чиглэлтэй уялдуулан явуулах, тооноос чанарт шилжих, малын үржүүлэг, тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид хяналт тавих, түүний үр дүнг бүх шатанд үнэлж дүгнэх зорилгоор “Таван төрлийн малын үржлийн ажлын стратеги”-ийг салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран боловсруулж, мөрдөн ажиллаж байна. Тус стратегийг хэрэгжүүлснээр адуун сүргийн тоог жилд 0.8, хонины тоог 1.7, ямааны тоог 1.9 хувиар тус тус бууруулж, үхрийн тоог жилд 0.5, тэмээний тоог 0.3 хувиар өсгөж, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийн даац, тэжээлийн хүрэлцээ хангамжид тохируулах, цөм сүргийн малын тоо толгойг нэмэгдүүлэх, нийт мал сүргийн чанарыг сайжруулах боломж бүрдэнэ. Үүлдэр, омгийн малыг үржүүлэх, бүс байршлын журмыг боловсруулан батлуулж, Монгол Улсад хянан баталгаажсан уугуул үүлдэр, омог болон гадаадаас импортлон, нутагшуулан үржүүлж буй өндөр ашиг шимт малыг дасан зохицсон, ашиг шимээ бүрэн өгөх, хэвийн өсөж үржих боломжтой бүс нутагт нь сонгон үржүүлэх, сайжруулагчаар ашиглах, генетикийн нөөцийг хадгалж, хамгаалах замаар мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах боломж бүрдүүлснийг мэдээлэлд дурдсан.
Мөн “Малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх аян”-ыг зохион байгуулж, импортын арвин ашиг шимт малын 725 тун хүйс жолоодсон үрийг сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй 17 иргэн, аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй олгож, Малын удмын сангийн үндэсний төвд үйлдвэрлэж буй шингэн азотын үнийг 50 хувиар, дотоодод үйлдвэрлэсэн өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрийг 40 хувиар тус тус хөнгөлж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 411 иргэн, аж ахуйн нэгжийн 9.4 мянган үнээ, 3.5 мянган бог малд зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ үзүүлсэн гэж байлаа.
Мал сүргийг дахин давтагдахгүй хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх, нийт малын сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироо, мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдол, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор 2021 онд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг улсын хэмжээнд зарласан. Аяны хүрээнд эхний ээлжинд Монгол Улсад баталгаажсан үндэсний үүлдэр, омгийн малын цөм сүрэг /290.2 мянга/, үржилд ашиглаж буй хээлтүүлэгч /213.1 мянга/, хот орчмын бүсийн үхэр /110.2 мянга/ сүргийг бүртгэлжүүлэн мэдээллийн нэгдсэн санд оруулах, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилтыг тавьж, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, нийт мал сүргийн 15.6 хувь буюу 8.5 сая малыг ээмэгжүүлж, 4.5 сая малын мэдээллийг бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгээд байна. Түүнчлэн, 2022 онд Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн 88 сумын 92 багт орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн инженерийн хийцтэй 99 худаг шинээр гаргах, тариалангийн бүс нутагт үржүүлж буй 153.5 мянган малд үзлэг ангилалт хийж, ашиг шимийн түвшинг тогтоох баталгаажуулах, 287.1 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр 17.0 мянган малд зохиомол хээлтүүлэг хийж, баталгаажсан үүлдэр, омгийн малаас 16.0 мянган тун үр үйлдвэрлэнэ гэж З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ дурдав.
Мал эмнэлгийн ерөнхий газар түүний аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газруудад 1123, сум, дүүргийн мал эмнэлгийн тасагт 674 төрийн малын эмч, сум дүүрэгт гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний 940 нэгжид 1034 малын эмч, нийт 2800 гаруй малын эмч, мэргэжилтэн мал эмнэлгийн үйлчилгээг хэрэгжүүлж байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлохын зэрэгцээ Монгол Улс малын эрүүл мэндийг хамгаалах, малчид, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, гадаад худалдааг чөлөөтэй болгох зорилгын хүрээнд сүүлийн жилүүдэд тухайн өвчнөөр эрүүл, вакцин хэрэглэдэггүй бүс болгоход чиглэсэн бодлого гарган түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн мал эмнэлгийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мах, махан бүтээгдэхүүний экспорт болон нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор махны үйлдвэрүүдэд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын холбогдох шинжээч, Монгол Улсын төрийн байгууллагууд хамтран хянан магадлагаа хийж, БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.8, 3.3.10 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2021 онд Улсын хэмжээнд давтагдсан тоогоор 1277 аж, ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу Европын холбооны орнууд, БНХАУ, ОХУ, Хонгконг, Япон, Тайланд, Солонгос, Итали, Исламын Бүгд Найрамдах Иран улсуудад экспортлох үеийн Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг цаг тухайд нь олгож, бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын зэрэгцээ Евразийн эдийн засгийн гишүүн орнуудын гаалийн холбооны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг Беларусь, Оросын Холбооны Улсын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын албанд уламжилж холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байгаагаа салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Н.Учрал, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын явц, авч буй арга хэмжээний талаар болон малын түүхий эд боловсруулах цогцолбор ашиглалтад орох хүртэл үнэгүйдээд байгаа малын арьс шир, түүхий эдийн талаар салбарын яамнаас бодлогын зохицуулалт хийж байгаа эсэхийг илүүтэй лавласан.
Харин Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун хариултдаа, эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 суманд вакцин хийсэн. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байгааг тодотгоод энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үлдсэн 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 31-нд ачуулахаар болоод байна. Мал, эмнэлгийн ерөнхий газар дээр импортоор худалдан авах шүлхий төдийгүй бусад халдварт өвчний вакцины гарал үүсэл, эх үүсвэрийг судлах ажлуудыг хийж байна гэсэн тайлбарыг өгч байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.