УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон”-ы захирал Р.Баатархүү, “Өгөөжтэй өв” компанийн захирал С.Чинбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй 30 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн лхагва гарагт хэлэлцэж эхлэн өчигдөр магадлалаа танилцууллаа.
Ингэхдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хагас сар хэлэлцэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг экологийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорын хяналтад буцаажээ. 30 хүн холбогдсон эл хэргийг анхан шатны шүүх 2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн хэлэлцэж, арванхоёрдугаар сарын 2-нд шийтгэх тогтоолоо танилцуулсан юм.
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэгт гэм буруутайд тооцон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүүд найм, төрийн өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбатад зургаа, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд дөрөв, “Өгөөжтэй өв” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Б.Ганзоригт хоёр, мөн компанийн захирал С.Чинбатад нэг жил гурван сар, Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч асан Г.Эрдэнэ-Очирт хоёр жил зургаан сар хорих ял оноосон. Харин Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ-ын дарга Б.Сүхбаатар, тус сумын Баян-Овоо багийн Засаг дарга Ц.Мягмарсүрэн, “Топ моунтайн” компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Одхүү, Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов, дээрх тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Дэ.Пүрэвдорж, Цэцэг сумын Засаг дарга асан Ж.Мөнхзориг, түүний дүү Ж.Өнөржаргал нарыг хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бол 13 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан юм. Уг хэргийг анх 2018 онд илрүүлэн шалгаж, мөрдөн байцаалт дуусан 2020 оны зун шүүхэд шилжүүлснээс хойш хурал бололгүй 15-16 удаа хойшлуулсны эцэст хагас сар хэлэлцэн шийдвэрлээд байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.