Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооноос “Социал демократ оюутан” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд салбар хэлэлцүүлэг #9 Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж дээр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийн зочноор Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож, Техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр суралцаж буй оюутан залуустай уулзаж, тулгамдаж буй асуудлыг ярилцсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр оюутнууд нийгмийн буруу ойлголтын талаар тулгамдсан асуудлаа ярилцаж, саналаа хэлсэн юм.
Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Оёдолчны ангийн оюутан А.Анударь:
-Их сургууль биш Коллежид суралцдаг гэхээр нийгмээс ирж байгаа хандлага их буруу байдаг. ЕБС-д улаан шугамаас доогуур орсон муу сурдаг учир коллежид орсон гэх мэтчилэн. Иймэрхүү нийгмийн буруу хандлага Коллеж, МСҮТ-д сурдаг оюутнуудад мэргэжлийн боловсролтой болоход нь тулгамдсан асуудал болдог тохиолдлууд байдаг.
Миний хувьд 10-р ангидаа Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежид элссэн. Багш нарын ур чадвар, сургуулийн дүрэм, боловсон хүчнээ бэлтгэх арга барил гэх мэтчилэн зүйлс нь таалагдсан гэлээ.
Харин энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
-Хуучин системийн үед Техник мэргэжлийн сургууль (ТМС) гэж байсан. Тэр үед 8-р ангиа төгссөн сурагчдыг ТМС-д оруулдаг байсан. Тухайн үед сурлага, хүмүүжлийн хувьд хоцрогдолтой хүүхдүүдийг ТМС-д явуулдаг гэсэн ойлголт бий болсон байсан. Энэ ойлголт оюутнуудын яриаг сонсоход урт хугацаанд үргэлжилсэн юм шиг байна. Политехник Коллежууд, МСҮТ-ийг сэргээж, үйл ажиллагааг нь идэвхжүүлсэн сүүлийн 10 орчим жилийн хугацаанд энэ соёл эргэсэн. Хамгийн чухал нь энд суралцаад төгссөн оюутнууд богино хугацаанд ажлын байртай болж байна. Нөгөөтээгүүр бас нэг давуу тал нь шатлан суралцах боломж нь байгаа. Нийгэмд ямар ойлголттой байгаа нь чухал асуудал биш. Нийгэм буруу ойлголттой бол эцэг эхчүүд ч тэгж ойлгох гээд байдаг. Энэ асуудлыг даван туулахын тулд сургуулиудаар сургалтын хөтөлбөрийн талаар сайн мэдээлэл өгөх, сурталчлах ажлууд хийгддэг гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.