ОХУ-ын цэргийн хүчин Украинд түрэмгийлж эхэлснээс хойш Оросын амьжиргааны өртөг нэмэгдсээр байна. Албан ёсны тоо баримтаас харахад, сүүлийн долоо хоногт элсэн чихэр зэрэг ахуйн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэ 14 хүртэлх хувиар өссөн байна.
Тус улсын Холбооны статистикийн албанаас мэдээлснээр, элсэн чихрийн үнэ дунджаар 14 хувиар өссөн бол зарим бүс нутагт 37.1 хувиар өссөн аж. Хоол хүнс хадгалах, согтууруулах ундаа үйлдвэрлэхэд түгээмэл хэрэглэгддэг элсэн чихэр нь сүүлийн долоо хоногийн хамгийн их үнийн өсөлттэй бараагаар тодорсон байна.
Харин үүний дараагаар сонгино бичигдсэн бөгөөд тус ногооны үнэ улсын хэмжээнд 13.7 хувь, харин зарим бүс нутагт 40.4 хувиар өсжээ. Түүнчлэн живхний үнэ 4.4 хувь, хар цайны үнэ дөрвөн хувь, мөн ариун цэврийн цаасны үнэ гурван хувиар нэмэгдсэн байна.
Энэхүү үнийн өсөлт нь рублийн ханш суларсантай холбоотой бөгөөд улмаар ОХУ-д импортын бүх бараа илүү үнэтэй болох төлөвтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм. Рублийн ханш энэ онд 22 хувиар унасан ба Орост инфляц өссөөр, 2015 оны сүүлчээс хойших хамгийн өндөр хэмжээндээ хүрээд байгаа аж.
Тиймээс ОХУ-ын Төв банк мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг улам сулрахаас сэргийлэхийн тулд энэ сард хүүгийнхээ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 20 хувь болгоод байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.