Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 23, 24-ний өдөр хуралдаж, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Олон улсын харилцаанд хурцадмал байдал үүсч, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, тэр дундаа газрын тос, хүнсний үнэ огцом өсөж, нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжлэхээр байна. Энэ онд инфляц өмнө нь төсөөлж байснаас нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл олон улс оронд бий болоод байна гэв.
Жилийн инфляц хоёрдугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.5 хувьтай гарсан инфляцад олон улсын зах зээл дээрх хүнсний болон шатахууны үнэ өссөн, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол зэрэг хүчин зүйлс нь голлон нөлөөлж байгаа аж. Инфляц хоёрдугаар сараас алгуур саарч эхэлсэн нь өмнөх төсөөлөлтэй нийцтэй байсан хэдий ч олон улсад шинээр үүсээд буй хурцадмал байдалтай холбоотойгоор инфляцын төсөөлөл нэмэгдэж байгаа гэлээ.
Үйлдвэрлэлийн зардлын өсөлтөөр дамжин зардлын инфляц бий болох, инфляцын хүлээлт өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөл үүсэж байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг илүү хурдтай чангаруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгожээ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн идэвхжил, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн хязгаарлалт зэрэгтэй уялдуудан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.