"Жүжигчин Д.Дэлгэрсайханы охин хүнд өвчин туссан учраас тэрбээр хөдөө орон нутгаар ганцаараа тоглолт хийгээд явж байна" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Иймд "Маск" продакшны жүжигчид туслахгүй байна гэх зүйл яригдсан. Энэ талаар жүжигчин Д.Дэлгэрсайхан тайлбар мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Би хөдөө орон нутгийн сумуудаар хандивын тоглолт хийж явна. Зарим хэвлэлээр "Маск" продакшны жүжигчид Д.Дэлгэрсайхандаа туслахгүй байна гэдэг мэдээлэл цацагджээ. Энэ бол ташаа мэдээлэл. Тоглолтын унааны зардал, буудал, хоолны мөнгө зэргийг продакшныхан маань ивээн тэтгэж байгаа. Хамт олондоо баярлалаа гэж энэ ташрамд хэлье. Тоглолтыг маань үзэж байгаа үзэгчдэдээ ч мөн баярлаж байна.
Охин маань ЭХЭМҮТ-д эмчлүүлж, эрүүл болж байгаа. Хамт олон маань манай гэр бүлд маш том нэмэр болж байгаа.
Өнөөдөр бид Архангай аймгийн Хашаат суманд тоглолтоо хийх гээд ирчихсэн байна. Энэ тоглолтод манай залуу жүжигчид болоод дуучид хамтарч байгаа. Хошин урлагийн "Маск" продакшн маань хөдөө орон нутгийн тоглолтыг маань ивээн тэтгэж байгаад баярлаж байна.
Охинд маань "Хандив өргөе. Дансаа тавь" гэж их хэлж байгаа. Би дансаа тавьж хүмүүсээс зүгээр мөнгө авмааргүй байна. Зүгээр л хүмүүсийг инээлгэж, хөдөлмөрлөж байгаад охиныхоо биеийг эмчлүүлнэ" гэлээ.
"Маск" продакшны жүжигчид Д.Дэлгэрсайхандаа туслахгүй байна гэх мэдээлэлд М.Баярмагнай жүжигчин өөрийн цахим хуудаснаа "Маск хамтлаг болон хувиасаа Дээгийдээ аль болох санхүү, сэтгэл санааны дэм үзүүлсээр ирлээ. Бид нэг л гэр бүл шүү дээ. Тэр болгоныг тусаллаа, дэмжлээ гээд явах нь ёс зүйд нийцэхгүй. Дээгий өөрөө ч хүсэхгүй! Яах вэ хэсэг хүмүүсийн зорилго, харлуулах гэсэн хүсэл нь та бүхнийг төөрөгдүүлсэн байна. Гэлээ гэхдээ ямар ч мэдээлэлд шүүлтүүртэй хандаж байх хэрэгтэй шүү! Ташрамд хэлэхэд ер нь би болон манай хамт олон хандивын тоглолтонд аль болох л оролцож ирсэн, одоо ч Дээгийгийн маань охинд шаардлагатай гэж үзвэл "Маск" хамтлаг болон Дээгийд хайртай үзэгч олон нь, урлагийн найз нөхөд нь туслахад хэзээд бэлэн" хэмээн бичжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.