СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-03-24

ЧУУЛГАН: Гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 40 гишүүний 25 нь буюу 62.5 хувь нь дэмжлээ. Ингэснээр тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

ЗГ-аас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуралдаанд танилцуулав. Хуулийн төсөлд "Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдсан байдаг. Коронавируст цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзжээ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ. Энэ хууль нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг зогсоохгүй гэж тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар, иргэн, аж ахуйн нэгжүүд гомдол мэдүүлж шалгуулах, чанар, стандартыг сахиулах, түүнээс учирсан хохиролд хариуцлага хүлээдэг эрх зүйн орчин хэвээр байгаа гэж хууль санаачлагч тайлбарлалаа. Гэхдээ төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зогсоосноор, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний чанар, стандарт сулрах эрсдэл байна.Тиймээс

Мэргэжлийн хяналтын байгууллага 2020 оны байдлаар, 210 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 160 мянга нь эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж дүгнээд, төлөвлөгөөт хяналт шалгалтыг 9900 гаруйд нь хийжээ.

Төрийн давхардсан хяналт шалгалт их байгаа тул гурван жилийн хугацаанд бизнес эрхлэгчиддээ боломж олгож итгэл үзүүлье гэсэн чиглэл баримталж байгаа юм байна. Тухайлбал, барилгын салбарт захиалагчийн хяналт, аж ахуйн нэгжүүдэд дотоод хяналт шалгалт гэж байдаг. Үүнд төрийн мэргэжлийн байгууллага зөвлөн тусалдаг байх тогтолцоонд шилжих чиглэл үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэж мэдэгдлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч байр сууриа илэрхийлсний дараа төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 40 гишүүний 25 нь буюу 62.5 хувь нь дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.